Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Парис-2024” паралимпын Монгол Улсын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт эх орондоо ирлээ. Энэ үеэр Дасгалжуулагч Д.Баттулга сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Нэг холбооны нэг тамирчин гурван өнгийн медальтай болно гэдэг сайхан байдаг юм байна. Э.Содномпилжээгийн хувьд Казакстаны хамтарсан бэлтгэл дээр 260 кг-ийн форум орж ирсэн. Баруун талын булчин ачаалал нэмэгдээд байсан юм. Тэрийгээ Казакстанд байхдаа эмчлүүлсэн. Гэвч тэр нь 260 кг дээр сэтэрсэн. 260 кг дээр аваад түлхэлт дээр баруун мөр өвдсөн гэсэн. Маш сайн өрсөлдсөн. Медаль авах нь өөрөө маш том хариуцлага юм билээ. Медалийн төлөө түгших маягтай л байсан. Бид хоёрын бэлтгэл сайхан ханасан байсан.
Алтан медаль уу, мөнгөн медаль уу гэдэг дээр л тооцоолж байсан. Хүрэл медаль бид хоёрын тооцоонд байгаагүй.
Бидний бэлтгэл сургуулийн байнга дэмждэг Үндэсний шигшээ багийнхандаа, Биеийн тамир спортын хорооны хамт олондоо баярлалаа.
Тамирчин хүмүүс бол мөнгө ихтэй, баян цатгалан хүмүүс байдаггүй. Спорттойгоо амьдралаа холбочихсон хүмүүс. Тэдэнд Монголын хоол зүйч нар цагаа идээ, малын махаа яаж хэрэглэж тамирчдын амжилтыг ахиулж болох вэ гэдэгт анхаармаар байгаа юм. Тэрнээс биш ном орчуулчихаад л байцаа иднэ гээд байвал тамирчид ахихгүй шүү дээ. Бид аливаа тэмцээнд оролцохдоо монгол хоолоо идээд л явдаг. Монгол хүн монгол хоолоо идэж байж л хүчтэй байдаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)