11 дүгээр ангийн сурагч байхаас хичээллэсэн таеквондогийн спортынхоо өндөрлөгт тэр гарлаа. Энэ бол Монгол Улсын анхны эмэгтэй олимпын аварга Уламбаярын Сүрэнжав юм.Түүний анхны багш нь Завхан аймгийн Улиастай хотын харьяат цагдаагийн дэслэгч, дэлхийн аварга С.Будхүү аж.
Сэтгэл зүрхээ зориулсан спортын төрлөөрөө анх төрсөн нутгийнхаа дэвжээнд аваргалж байсан тамирчин өдгөө Парисын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж, монгол түмнийхээ магнайг тэнийлгэлээ.
24-хөн настайдаа түүхнээ дуурсагдах алдрыг хүртэж буй тэрбээр хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадамд оролцож буй монголын багийн салхийг алтаар хагаллаа.
Тамирчин хүний сэтгэлзүйгээ удирдах чадвар, өрсөлдөгчдөө гаргаж буй ёс суртахуунт байдал, "амгалан төрхийг" түүний тулаанаас монголчууд харсан гэдэгт итгэлтэй байна.
Тэр бол гэнэт тодорсон од биш. Алхам алхамаар тамирчны хувьд хэн болохоо харуулж байв. У.Сүрэнжав 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай нэгэн. Өнгөрөгч онд “Ханжоу” Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн юм.
Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авсан түүний амжилтын буухиа үргэлжилж, олон арван зүрхэнд бас ирээдүйн тухай төсөөлөлд гэрэл асаах нь дамжиггүй.
У.Сүрэнжавын амжилтаас дурдвал, Вьетнам Улсын Хо Ши Мин хотод 2018 болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөн 57 кг-ын жинд тулалдаж хүрэл, 2024 онд Вьетнамын Данан хотод болсон Азийн аваргаас алтан медаль хүртсэн юм. Түүнчлэн 2024 онд Серби Улсын Белград хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, “Ханжоу 2022” Азийн наадмаас мөнгөн медалийн тавцанд зогсож байв.
Амжилт үргэлжилсээр 2023 онд Австрали Улсын Брисбан хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс алт, Иран Улсын Тегеран хотод 2024 онд болсон дэлхийн чансааны тэмцээнээс алтан медалийг тэр гартаа атгаж, энгэртээ гялалзуулсан юм. Мөн онд Франц Улсын Парис хотод болсон дэлхийн гран при тэмцээнээс мөнгө, Мексикээс мөнгө, Хятад Улсын Тайюн хотод болсон гран при тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.
Тэр зогсож байна, медалийн тавцанд, алдар хүндийн тавцанд, түүхийн тавцанд. Тэр зогсож байна, хүн төрөлхтний эв найрамдлын гагнаас дээр. Тэр зогсож байна, монгол түмний итгэл, бахархлын оргилд. Тэр зогсож байна, зорьсон бүхнийнхээ эхлэлд. Тэр өрөөл бусдын сэтгэлд олимпын бамбараас ч илүү дүрэлзэн асах бамбарыг асаав.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)