Алдарт найруулагч Ридли Скоттын домогт бүтээлүүдийн нэг болох Gladiator кино дэлгэцнээ цацагдаад 24 жилийн нүүрийг үзжээ. Кино нээлтээ хийсэн даруйдаа 465,4 сая ам.долларын ашгийг олж, тухайн жилийнхээ Оскарын шагнал гардуулах ёслолд нийт 12 төрөлд нэр дэвшин, голлох таван шагналыг өөрийн болгож байсан бахдам түүхтэй. Харин 2018 онд Gladiator киноны хоёрдугаар анги хийгдэх болсон талаар мэдээлэл цацагдаж, нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгоод амжсан юм. Ийнхүү кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт бий болж, тэд киноны өрнөл болон жүжигчидтэй холбоотой олон янзын таамаг дэвшүүлсээр өдийг хүрсэн билээ. Иймд уншигч та бүхэнд Gladiator II киноны талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэе.
Үйл явдалд юуны тухай өгүүлэх вэ?
Эхний ангийг эргэн сануулахад, Ромын армийн генерал Максимусын гэр бүлийг хааны хүү Комодус улс төрийн зорилгоор хөнөөсний улмаас Максимус өшөөгөө авахаар Ромд мэсчин боол гладиаторын дүрээр эргэн ирдэг талаар өгүүлдэг.
Тэгвэл үргэлжлэл ангийн үйл явдал Комодусын ач хүү Люсиусын талаас өрнөх ба генерал Маркус Акациусаар удирдуулсан цэргүүд Люсуис руу довтолж, түүнийг боол болгон шийтгэж буйгаар эхэлнэ. Харин Люсуис өмнөх ангийн гол дүр Максимусын түүхээс санаа аван, шинэ засаглалыг эсэргүүцэхээр шийдсэнээр кино цааш өрнөнө.
Ямар жүжигчид дүр бүтээх вэ?
Найруулагч Ридли Скотт хоёрдугаар ангийн гол дүрүүдийг сонгохдоо маш няхуур хандсан ба тэрээр зохиолд тохирох жүжигчдийг эрэн хайх явцдаа залуу жүжигчин Пол Мескалыг хараандаа авсан гэдэг. Ридли Скотт энэ талаараа "Би үргэлж шинийг эрэлхийлж, хайдаг төрлийн хүн л дээ. Шинэлэг байдал гэдэг надад хамгийн чухал зүйлсийн нэг гэж хэлж болно. Харин би Пол Мескалын Normal People цувралд бүтээсэн дүрийг хараад үнэхээр биширсэн. Тэгээд түүнтэй уулзах цаг товлоод, кинондоо тоглуулахаар болсон юм" хэмээжээ. Ийнхүү Пол Мескал дараагийн гладиатор буюу Люсиусын дүрд сонгогдож чадсан байна.
Мөн шинэ ангид жүжигчин Дензел Вашингтон өмнө нь боол байсан хэдий ч одоо маш чинээлэг нэгэн болсон Макринусын дүрийг бүтээж байгаа бол жүжигчин Педро Паскаль Ромын генерал Маркус Акациусын дүрд тогложээ.
Түүнчлэн жүжигчин Барри Кеоган, Жозеф Куинн нар ч мөн адил жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн нь кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаад байгаа юм.
Анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэн эргэн ирж байгаа вэ?
Шинэ ангид Максимустай хайр сэтгэлийн холбоотой байсан, Комодусын эгч Лусиллагийн дүрийг бүтээсэн жүжигчин Конни Нилсен болон Ромын сенатор Гракчусын дүрд тоглосон Дерек Жейкоби нар эргэн ирэхээр болжээ.
Харин Максимусын дүр харамсалтай нь хоёрдугаар анги дээр гарахгүй ч гэсэн тус дүрийг бүтээсэн жүжигчин Рассел Кроу шинэ ангийн талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр "Gladiator кино миний амьдралыг өөрчилсөн төслүүдийн нэг байсан. Би Скоттыг эхний ангитайгаа дүйцэхүйц гайхалтай бүтээл туурвина гэдэгт итгэлтэй байгаа. Мөн гол дүрд тоглож байгаа Пол Мескалыг сайн жүжигчин гэж сонссон. Түүнд ч гэсэн амжилт хүсье" хэмээжээ.
Кино хэзээ цацагдах вэ?
Gladiator II киноны зураг авалт өнгөрөгч оны дундуур Африк тивд орших Марокко улсад эхэлсэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. Одоогоор киноны албан ёсны трейлер цацагдаагүй байгаа ч Paramount Pictures шинэхэн ангийн зургуудаас дэлгэж, үзэгчдийн дунд улам их хүлээлтийг үүсгээд амжсан байна.
Эх сурвалж: Forbes.com, Buro.mn