Хурим бол гэр бүл болж, хувь заяагаа нэгтгэж буй дурлалт хосуудын хувьд амьдралд нь цор ганц тохиох, хамгийн жаргалтай өдөр нь байдаг. Тиймдээ ч тэд энэхүү баяр хөөртэй мөчөө хамгийн дотнын хүмүүстэйгээ хуваалцаж, аз жаргалтай амьдралынх нь эхлэлийг гэрчлэхийг хүсдэг билээ. Иймд сүйт бүсгүй болон сүйт залууд дурсамж дүүрэн, гайхалтай уур амьсгалаар цэнэглэгдсэн мартагдашгүй нэгэн үдшийг бүтээлцэж өгөхийг хүсвэл доорх дүрмүүдийг баримтлаарай.
Дресс кодыг мөрдөөрэй
Хэрвээ зохион байгуулагчдын зүгээс тусгай зааварчилгаа өгөөгүй л бол цагаан өнгийн хувцас яасан ч өмсөж болохгүй гэдэг алтан дүрэм бий. Хэдийгээр энгийн бөгөөд хүн бүрийн мэддэг зүйл ч гэлээ, яагаад ч юм зочид энэхүү алдааг гаргасаар байдаг нь хачирхалтай. Сүйт бүсгүй амьдралынхаа хамгийн чухал өдрүүдийн нэгт хамгийн үзэсгэлэнтэй, цор ганц харагдах хүсэлтэй нь тодорхой. Иймд хосуудыг хүндэтгэх үүднээс зөвхөн цасан цагаан гэлтгүй цайвар шаргал өнгөнүүдээс ч татгалзсан нь дээр. Мэдэхэд илүүдэхгүй бас нэгэн чухал дүрэм бол хосуудыг давж хувцаслахаас зайлсхийх юм. Тухайлбал хэт задгай, хэт тод даашинз, өвөрмөц загвартай хослол зэргээс аль болох татгалзаж, өнөөдрийн гол дүр бол сүйт бүсгүй болон сүйт залуу гэдгийг ахин дахин санан тэдэнд ирэх анхаарлыг булаах бус аз жаргалтай мөчийг нь хуваалцаарай. Мөн хосуудын зүгээс тогтоож өгсөн дресс кодыг ягштал мөрдөхийг зөвлөж байна. Жишээ нь black tie дресс код тогтоож өгсөн байхад коктейль даашинз эсвэл энгийн хослол өмсөхийг зөвлөдөггүй. Үүний адилаар уламжлалт дресс кодтой бол үндэсний хувцаснаас өөр гоёл сонгох нь зохисгүй юм.
Ёслолын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаарай
урьсан хүнийг та өөрөө төлөөлж байгаа гэдгийг ямагт санаарай. Хосууд тодорхой хэмжээний тоотой хэдэн хүнийг л урих хязгаартай байсан бөгөөд тэд таныг сонгосон шүү дээ. Тийм ч учраас сайн зочин байхын тулд юун түрүүнд тухайн цаг мөчдөө анхаарлаа төвлөрүүлж, аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцох хэрэгтэй. Жишээ нь хуримын зан үйл, тоглоом гэхчлэн үйл ажиллагаанд цааш суулгүй урам зоригтойгоор оролцох нь хосуудыг төдийгүй уригдсан зочдыг хүндэлж байгаагийн илэрхийлэл юм. Үүнээс гадна ёслолын үеэр тайзан дээр үг хэлэх үед гар утсаа ашиглахгүй байхыг зөвлөе. Хэдийгээр таны хувьд тухайн хурим нь ээлжит нэгэн хурим байж болох ч хосуудын хувьд амьдралынх нь хамгийн чухал өдөр гэдгийг мартаж болохгүй. Тиймээс цагийг сайхан өнгөрүүлэхээ мартав аа!
Хэтрүүлэх хэрэггүй
Ёслолын үеэр тохиож болох хамгийн таагүй зүйлсийн нэг бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зочин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Мэдээж хэрэг тохируулан ууж, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх нь зүйтэй ч хяналтаа алдаж, маргааш нь ярианы сэдэв болж, өөрийгөө төдийгүй зочид болон хуримлаж буй хосуудыг эвгүй байдалд орох үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна.
Пост хийхээ түр азнаарай
Хос бүр өөрсдийн гэсэн дүрмийг тогтоодог ч ерөнхийдөө сүйт залуу болон сүйт бүсгүй өөрсдөө хуримын зураг, бичлэгээ нийтэлтэл нь Facebook, Instagram ба бусад нийгмийн сүлжээнд тэдний зураг, видеог нийтлэхгүй байх нь зохимжтой. Ядаж л ёслолын үйл ажиллагааг дуустал нь хүлээх нь соёлтой үйлдэл юм. Түүнчлэн гаднын хүний нүдэнд өртөх ёсгүй маш нандин мөчүүдийг нь аль эсвэл онцгүй гарсан зургуудыг нь зөвшөөрөлгүй олон нийтэд хуваалцаад хэрэггүй. Эцэст нь хэлэхэд хосууд зочдоо гар утсандаа хамаг анхаарлаа хандуулахыг бус аз жаргалтай, баяр хөөртэй мөчөөс нь хамтдаа хуваалцахыг илүүд үздэг билээ. Тэглээ ч тэд арга хэмжээний туршид мэргэжлийн гэрэл зурагчин хөлслөн торгон мөчүүдээ баримтжуулж байгаа тул та завсар зайгүй гар утасныхаа камерыг ажиллуулах шаардлагагүй юм.
Эргэн хариу мэдэгдэнэ үү
Хэрвээ та хуримын урилгаа хүлээн авсан л бол заавал хариу өгөөрэй. Үүнийг хийхэд амархан ч олон хүн RSVP хийхээ мартах нь элбэг тохиолддог. Хуримын ёслолд оролцож чадах эсэхээс тань шалтгаалж хосууд байршил, хоол, ширээ зэргээ төлөвлөдөг тул аль болох эртхэн шийдвэрээ гаргавал тэд танд баярлах болно. Харин төлөвлөгөө тань өөрчлөгдвөл эцсийн мөчийг хүлээж цагийг нь тулгалгүй тэр дор нь мэдэгдэж сураарай. Түүнчлэн урилга дээр зочны нэрийн дэргэд +1 буюу нэмэлт зочинтой ирж болох үгүйг тодорхой зааж өгсөн байдаг. Хэрэв энэхүү заалт байхгүй бол зөвхөн таныг л урьсан гэж ойлгоход болно.
Сэтгэгдэл (1)