ЭШЛЭЛ 1
“ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. Энэхүү хөтөлбөр бүхэлдээ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, намуудын мөрийн хөтөлбөрт туссан онцлог заалтуудыг нэгтгэж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийн зангилааг тайлахад чиглэгдсэн гэж үзэж болно.
ЭШЛЭЛ 2
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах төлөвтэй байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 2023 онд 5.1 хувиар өссөн бол 2024 онд 4.8 хувь болон саарсан байна. Монгол Улсын хувьд эдийн засаг дунджаар 5-8 орчим хувийн өсөлттэй байж чадвал бид энэхүү хөтөлбөрийг хамтын хүчээр бүрэн хэрэгжүүлэх боломжтой.
ЭШЛЭЛ 3
Шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил, AI хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн тавдугаар, цаашлаад зургаадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай.
ЭШЛЭЛ 4
Мөн манай улсын гол экспортын бүтээгдэхүүн болсон нүүрсний ашиглалтын цаг хугацаа дуусахад 10 хүрэхгүй жил үлдэж байгаа тул бид эдийн засгийн төрөлжилтийн зоригтой алхмуудыг амжиж хийх ёстой. Тийм ч учраас хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхийн төлөө Засгийн газраас дөрвөн жилд, дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байна.
ЭШЛЭЛ 5
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардагдана. Улсын төсвийн эх үүсвэрээс энэ дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой. Тийм ч учраас энэ хөтөлбөрийн суурь үзэл санаа нь улсын төсвийн хөрөнгийг үржүүлэхийн хүрд болгон ашиглах, хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрхзүйн орчноо олон улсын түвшинд хүргэн сайжруулахад чиглэгдэн боловсруулагдсан гэж үзэж болно.
ЭШЛЭЛ 6
Шинжлэх ухаан, технологи, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн нийцэл, олон улсын экспертүүдтэй хамтран ажиллах чадавх бүхий хүний нөөцийг цаг алдалгүй бүрдүүлж, их өгөгдөлд тулгуурласан бодлого, төлөвлөлт, хурдтай шийдвэр гаргалт, ногоон технологийн дэвшилтэт шилжилтийг уул уурхай, эрчим хүч, тээвэр логистик, хот байгуулалт, барилгын салбарт хийснээр бид энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 7
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн реформын цогц асуудлыг тусгалаа. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэлийн суурь зангилаа тайлагдах болно.
ЭШЛЭЛ 8
Олон жил ужгирсан нийслэлийн асуудлыг хурдтай шийдвэрлэхэд зориг хэрэгтэй. Мөн өмнөх 30 жилд нийслэлд зарцуулсан хөрөнгө оруулалтыг ирэх гурван жилд гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 9
Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байх шаардлагатай. Ингэхийн тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барьж, Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулахаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ.
ЭШЛЭЛ 10
“Шинэ их Тойруу” хурдны авто зам эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах зардлыг төсвийн тодотголд тусгасан болно. Нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглатад оруулах төслийг Засгийн газар дэмжин ажиллаж бодит ажил болгох болно.
ЭШЛЭЛ 11
Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх болно. Энэхүү шинэ суурьшлын их бүтээн байгуулалтыг манлайлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын байгууллагуудыг бүсчлэн байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах болно.
ЭШЛЭЛ 12
Засгийн газраас Бүс бүрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд төрөлжсөн болон дэд тэргүүлэх чиглэлтэй байхаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Ингэж төрөлжүүлэхгүй бол хөрөнгө оруулалт тарамдаж, бодит үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа! Тиймээс ч бид мөн л хурдтай хөгжлийн төлөө зориг гаргах учиртай.
ЭШЛЭЛ 13
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийн дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно.
ЭШЛЭЛ 14
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсад хэрэглэгддэг хүний хөгжлийн суурь индексүүдээр үнэлэхээр боловсруулагдаж, хэмжигдэхүйц, хүрэхүйц, эрсдэлийг тооцдог байх аргачлалыг ашиглалаа.
ЭШЛЭЛ 15
Бидний өнгөрсөн хугацааны алдаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг тусдаа гэж үзсэн явдал юм. Хөгжил бол хүний биетэй адил амьд цогц организм билээ.
ЭШЛЭЛ 16
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрт илрүүлэг, эмийн чанар, эмч, сувилагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал болохыг энэхүү хөтөлбөрт голлон тусгасан. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй амьдралын буруу хэвшил, архи, тамхины хэрэглээг бууруулж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг бага наснаас нь хэвшүүлэх асуудлыг боловсролын тогтолцоогоор дамжуулан олгох болно.
ЭШЛЭЛ 17
Өнгөрсөн дөрвөн жил боомтын боомийг тайлж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 37 их наяд төгрөгөөс 68.9 их наяд төгрөгт хүргэсэн шиг ирэх дөрвөн жилд эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргээж, хөгжлийн боомийг тайлах болно.
ЭШЛЭЛ 18
Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна. Ингэснээр иргэд оршин суугаа газраасаа үл хамааран интернэттэй холбогдох, мэдээллийг тэгш хүртээмжтэй хүртэх, төрийн үйлчилгээнд шууд хамрагдах боломж бүрдэнэ.
ЭШЛЭЛ 19
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн эрх зүйн цогц реформыг бүрэн дэмжихээр тусгалаа.
ЭШЛЭЛ 20
Хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформыг хийх шаардлагатай.
ЭШЛЭЛ 21
Төрийн өмчит компаниудын чиг үүргийн давхардлыг арилгаж, цахимжуулж, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг сайжруулж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, олон улсын менежментийн багаар удирдуулах ажлыг ч зохион байгуулна.
ЭШЛЭЛ 22
E-Mongolia платформын хэрэглэгчдийн тоог 2.2 саяд хүргэж, хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлснээр төрийн албаны чиг үүргийн давхардлыг нэгтгэж, авлигын үндсийг арилгахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт ч мөн итгэж байна.
ЭШЛЭЛ 23
Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний болон ахисан түвшний сургалтад хамруулах зорилт тусгалаа.
ЭШЛЭЛ 24
Засаглалын ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоонд тулгуурласан эргэх холбоог бүрдүүлэхэд ирээдүйн удирдагчид, хүн амын дийлэнх хэсэг болсон залуучуудыг ойлгож, оролцоог нь хангах, хамтарч ажиллах нь манай улсын хувьд туйлын чухал билээ. Төр засаг залуучууд биднийг ойлгохгүй байна гэж халаглах нь үр дүнгүй бөгөөд хуучирсан хэвшмэл ойлголт юм. Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм.
Сэтгэгдэл (26)