XVII дахь удаагийн паралимпын наадам 13 хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-нд эхэлнэ. Монгол Улсаас гурав дахь паралимпын наадамдаа оролцох гэж буй хүндийн өргөлтийн тамирчин МУГТ Э.Содномпэлжээ нээлтийн ёслолд туг барина.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна. Мөн хоёр олимпын наадмаас алт, хүрэл медаль хүртсэн Дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга тамирчин юм.
“Парис 2024” паралимпын наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцоно. Тодруулбал, байт харваа, жүдо, таэквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөл юм.
Парисын паралимп есдүгээр сарын 8-ныг хүртэл 12 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нийт 184 орны 4400 орчим тамирчин 22 спортын төрлөөр 549 медалийн төлөө өрсөлдөнө.
Л.Баяр