БАРИМТ 1
Найдангийн Түвшинбаяр нь 1984 оны зургадугаар сарын 01-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.
БАРИМТ 2
Н.Түвшинбаяр эхээс мэндлэхдээ 5,5 кг жинтэй төрж анхнаасаа биерхүү нэгэн байсан нь түүнийг ойр тойрны хүмүүс, нутгийнхан нь бөх болно хэмээн өхөөрдөж, бэлэгшээж байсан гэдэг.
БАРИМТ 3
Түүний аавыг Т.Найдан гэдэг. Тэрбээр ОУХМ цолтой. Харин ээжийг нь Д. Цэнд-Аюуш гэдэг.
БАРИМТ 4
Н.Түвшинбаяр эхээс долуулаа. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй. Айлын отгон хүү бөгөөд ихэр эгч, ихэр ахтай аж.
БАРИМТ 5
Долоон настайгаасаа эхэлж хурдан морь унаж байсан. Гуравдугаар ангиасаа эхлээд гэрээсээ сумын сургууль хүртлээ 30 гаруй км зайтай газар дугуйгаар явдаг байсан нь ирээдүйн аваргын бэлтгэл байжээ.
БАРИМТ 6
Тэрбээр жүдо бөхийн спортоор 2002 оноос буюу 18 наснаасаа эхлэн хичээллэсэн.
БАРИМТ 7
Н.Түвшинбаяр үндэсний бөхийн Улсын заан цолтой.
БАРИМТ 8
Н.Түвшинбаяр нь "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 9
Дөрвөн хүүхдийн аав.
БАРИМТ 10
Тэрбээр 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон зуны олимпын XXIX наадамд Монгол улсаа төлөөлөн барилдаж анхны олимпын алтан медалийг эх орондоо авч ирсэн түүхтэй.
БАРИМТ 11
Улмаар 2012 оны Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэж, ард түмнээ цэнгүүлсэн.
БАРИМТ 12
2008 оны олимпийн дараа өгсөн ярилцлагадаа “Нутаг ус аав, ээж нүдэнд харагдаад, хөдөө хээр төрсөндөө бахархан өөрийн эрхгүй ямар сайхан байнаа гээд л хашгирмаар байсан шүү. Миний Монгол орон, төрийн дуулал ямар сайхан юм бэ гэж бодсон. Мөн манай төрийн далбаа хамгийн өнгөлөг санагдсан даа” гэсэн байдаг.
БАРИМТ 13
2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.
БАРИМТ 14
Түүнийг 2012 онд Олимпын хос медальтан болсны дараагаар “Могой тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр “Монгол доголсон ч Солонгосын дайтай” гэх хэлц дэлгэрч байв.
БАРИМТ 15
2017 онд Унгарын нийслэл Будапеш хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс жин өгсөж барилдан +100 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 16
Н.Түвшинбаяр Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа “Өөрийн хүсч мөрөөдөж байсан медалиа магадгүй сүүлийн Дэлхийн аваргаасаа хүртлээ” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс ийнхүү хүрэл медаль хүртсэн нь энэ.
БАРИМТ 17
Тэрбээр 2014 онд Азийн наадам, ААШТ-д түрүүлсэн.
БАРИМТ 18
2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Н.Түвшинбаяр багын найз болох Монгол улсын өсөр идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан бөгөөд Э.Энхбат ухаан оролгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 24-нд нас нөгчсөн.
БАРИМТ 19
Н.Түвшинбаяр хүн амины хэрэгт яллагдагчаар тооцогдон хоригдож байх үед буюу 2022 оны зургадугаар сарын 09-нд шүүх хурал нь болж, Улсын яллагч, прокуророос 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэх санал гаргаж байв.
БАРИМТ 20
Гэвч Хан-Ууул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноож шийдвэрлэсэн билээ.
БАРИМТ 21
2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын Үндэсний Олимпын Хороо Н. Түвшинбаярыг тэргүүнээрээ сонгосон.
БАРИМТ 22
Гэсэн ч гэмт хэрэгт холбогдсон тул түүнийг 2021 оны тавдугаар сарын 23-нд албан тушаалаас нь түдгэлзүүлж, улмаар зургадугаар сарын 05-нд Н.Түвшинбаяр тэргүүний тамгаа хүлээлгэн өгсөн юм.
БАРИМТ 23
Түүнийг олимпын аварга болоход БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав "нэр" гэх шүлгээ зориулсан гэлцдэг.
БАРИМТ 24
Уг шүлэгт "Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий, чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий" гэх мөр бий.
Сэтгэгдэл (59)