Реал Мадридын од Винисиус Жуниорт Саудын Арабаас нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай гэрээ санал болгосон тухай Ройтерс, ESPN томоохон эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, Саудын Арабын албаны хүмүүс Винисиустай уулзаж, Саудын Арабын Про лигт (SPL) улирал бүр ойролцоогоор 218 сая ам.долларын цалин бүхий таван жилийн гэрээг санал болгожээ.
Түүнчлэн уг гэрээнд Саудын Арабт болох 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө элчин сайдаар ажиллах тусдаа гэрээ багтсан байна.
Винисиус энэ саналыг багийнхантайгаа судалж байгаа гэж Ройтерс мэдээлэв.
Өдгөө 24 настай Винисиус 2018 онд Бразилын Фламенго клубээс Лос Бланкос багт ирсэн цагаасаа олны хараанд өртөж эхэлсэн.
Өнгөрсөн улиралд тэрбээр 39 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт өгч, Реал Мадрид баг нь Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлсэн юм.
Кристиано Роналду, Неймар, Карим Бензема зэрэг супер одод одоогоор SPL-д тоглож байгаа ч Винисиус карьерынхаа хамгийн сайхан жилүүдийг тэнд өнгөрөөнө гэдэг хэтэрхий гунигтай. Тийм ч учир саналаас татгалзах магадлал их байгаа.
Өнгөрсөн жил Франц довтлогч Килиан Мбаппе Саудын Арабын Аль-Хилал клубт нэгдэх 775 сая ам.долларын цалингаас татгалзсан удаатай.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)