Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Улсын харцага Тогтохмэндийн Сайханжаргалыг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Улсын харцага Тогтохмэндийн Сайханжаргал зургаа давж, Улсын харцага цол хүртсэн билээ.
Тэрбээр 1988 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрж, өсжээ. 2011 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн бөгөөд 2014 онд начин цолоо дахин баталжээ. Дараа нь 2015 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Хишигбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар зодоглож, Улсын харцага цол хүртсэн юм.
Тогтохмэндийн Сайханжаргал нь "Хантайшир" дэвжээ, "Сүлд" спорт хороо, Юү Би Ойл ХХК-д харъяалагддааг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын харцага цол хүртжээ. Зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэлийг давж, Улсын харцага цол хүртсэн.
- Нэгийн даваанд Аймгийн начин Т.Мягмаржав /Дундговь аймаг/
- Хоёрын даваанд Улсын начин Л.Отгонбаатар /Архангай аймаг/
- Гурвын даваанд Аймгийн арслан Ө.Сүхбат /Булган аймаг/
- Дөрвийн даваанд Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор аймаг/
- Тавын даваанд Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан аймаг/
- Зургаагийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэл /Завхан аймаг/