Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Төрбатын Довчинсэмбээг онцолж байна.
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Төрбатын Довчинсэмбээ тав давж, Улсын начин цол хүртсэн билээ.
Тэрбээр 1988 оны гуравдугаар сарын 31-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрж, өсжээ. Түүнийг нутаг усныхан нь гэлтгүй бөхөд хайртай монгол түмэн “Том цолтнуудын ангууч” гэж хочилдог. Улсын начин Т.Довчинсэмбээ цар тахлын үед буюу 2021 онд гурван тэгш ойд зориулсан 512 бөхийн барилдаанд долоо давсан байдаг. Тухайн үед үзэгч олон “Т.Довчинсэмбээ улсын зааны батламжаа өвөртлөөд явлаа” хэмээж байсан ч цолыг нь батламжлаагүй. Гэсэн ч жил жилийн наадамд бөхөд хайртай түмний улсын цолонд хүрэх нь дамжиггүй хэмээн харж явдаг бөхчүүдийн нэг нь яах аргагүй Өвөрхангайн хүчтэн Т.Довчинсэмбээ гэгддэг байлаа. Тэр энэ жилийн Үндэсний их баяр наадамд улсын харцага Х.Гантулгаар тав давж начин цолны болзол хангасан юм.
Тэрбээр 2011 онд "Аймгийн начин" цол хүртсэн бөгөөд тус цолоо хоёр удаа баталсан байдаг. Дараа нь 2016 онд "Аймгийн арслан" цол хүртэж байв.
Төрбатын Довчинсэмбээ нь Их Монголын Хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Нутгийн Буян групп, ЗХ-256 анги-д харъяалагддаг аж.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ. Тавын даваанд Улсын харцага Х.Ганттулгыг давж, Улсын начин цол хүртсэн.
- Нэгийн даваанд Сумын заан Б.Довуучтөмөр /Сонгинохайрхан дүүрэг/
- Хоёрын даваанд Аймгийн арслан Т.Занданбат /Дундговь аймаг/
- Гурвын даваанд Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай аймаг/
- Дөрвийн даваанд Улсын начин Г.Ганжад /Төв аймаг/
- Тавын даваанд Улсын харцага Х.Ганттулга /Өвөрхангай аймаг/
Сэтгэгдэл (4)