Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Азийн наадмын аварга Гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар тэмцээнээ эхлүүлнэ.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдөх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт (2021) Т.Тулга эхний даваанд дэлхийн хошой хүрэлтэй (2017, 2018) Кубын Алехандро Валдестай хүч сорино. Манай тамирчин өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт (2023) Арменийн Везган Теванян, Гүржийн Годерзи Зебисашвили хоёрын ялсантай нь учраа таарна.
Эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт (2023) Э.Даваанасан эхний тойрогт Нигерийн Анна Руебентай сугалаа таарав. Африк өрсөлдөгчөө ялбал ДАШТ-ий хүрэл медальт (2023) Колумбын Татьяна Рентериа, Тунисын Зайнеб Сгайер нарын ялсантай нь шөвгийн наймд өрсөлдөх боломжтой.
Э.Даваанасан өнгөрсөн оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ доод жин буюу 72 кг-ийн жинд өрсөлдөж байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)