Олимпын наадмын түүхэнд нэгэн хачирхалтай, харамсалтай үйл явдал байдгийг та бүхэнд хүргэж байна.
Маргарет Айвс Эбботт 1878 оны зургадугаар сарын 15-нд төржээ. Харамсалтай нь тэр 1955 оны зургадугаар сарын 10-нд таалал төгссөн. Америкийн сонирхогчийн гольфчин байлаа.
Тэрбээр 1900 оны Зуны Олимпын наадмын гольфын эмэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн анхны Америк эмэгтэй болжээ. Хэдийгээр олимпын наадамд түрүүлсэн анхны эмэгтэй Хелен де Пурталес Америк гаралтай ч Швейцарийн язгууртантай гэрлэсэн учир тооцогддоггүй.
1878 онд Британийн колонд байсан, одоогийн Энэтхэгийн баруун Бенгалын нийслэл Колката хотод төрсөн Эббот 1884 онд гэр бүлийнхээ хамт Чикаго руу нүүжээ. Тэрбээр Иллинойс мужийн Уитон дахь Чикаго гольфын клубт элсэж, Чарльз Б.Макдоналд, Х.Ж.Уигам нарт шавь орсон гэдэг.
1899 онд тэрбээр ээжтэйгээ хамт Парис руу урлагийн чиглэлээр суралцахаар явсан. Дараа жил нь тэрбээр ээжийнхээ хамтаар эмэгтэйчүүдийн гольфын тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Тэр үед энэ нь орчин цагийн хоёр дахь олимпын наадам гэдгийг ойлгоогүй ажэээ. Эббот 47 цохилтоор тэмцээнд түрүүлж, ээж нь долоодугаар байрт шалгарсан гайхалтай түүх ингэж бүтсэн юм. Тэр үеийн шагнал болох шаазан савыг бэлгэнд аваад гэртээ харьжээ.
1902 оны 12 дугаар сард тэрбээр зохиолч Финли Питер Даннтай гэрлэсэн. Хожим нь тэд Нью-Йорк руу нүүж, дөрвөн хүүхэдтэй болсон. Эббот 1955 онд 76 насандаа Олимпын наадамд түрүүлснээ мэдээгүй хэвээр таалал төгссөн гэдэг. Флоридагийн их сургуулийн профессор Паула Уэлч түүний амьдралыг судлах хүртэл түүний түүхийг хэн ч сайн мэддэггүй байв. 2018 онд "The New York Times" түүний хожимдсон эмгэнэлийн бичгийг нийтэлжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)