Зүүн Карибын тэнгист оршдог 180 мянган гаруй хүн амтай Сент Люсиа арлын улсын гүйгч Жулиен Альфред "Парис 2024" олимпын наадмын 100 метрийн төрөлд түрүүлж, таамаг эвдсэн.
Тэгвэл тэр 200 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, дахин нэг түүх бүтээлээ. Өдгөө 23 настай залуу гүйгчийн хувьд тэр улсынхаа түүхэн дэх хамгийн анхны медалийг хүртээд байсан юм.
Тэр Өмнөд Кастри дахь Цицероны нийгэмлэгт төрсөн. Түүнийг 12 настай байхад аав нь нас баржээ. Жулиен Сент Люсиа дахь Леон Хэсс бүрэн дунд сургууль болон Ямайка дахь Гэгээн Кэтриний ахлах сургуульд суралцсан. Дараа нь тэр АНУ-ын Техасын Их Сургуульд залуучууд судлал, олон нийттэй харилцах чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, академич болсон. Мөн хөнгөн атлетикийг хослуулсан.
2015 онд Альфред 15 хүртэлх насны Төв Америк, Карибын тэнгисийн аварга болсон. 2017 онд тэрбээр Сент Люсиагийн шилдэг өсвөрийн тамирчнаар тодорсон. 2018 онд Буэнос-Айрес хотноо болсон залуучуудын олимпийн наадамд Нигерийн Розмари Чуквумад ялагдаж мөнгөн медаль хүртсэн. 2023 онд Будапештэд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр 100, 200 метрийн зайд финалдсан.
2024 онд Глазгоу хотод болсон танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Альфред 60 метрийн зайд аварга болсон.
Энэ наадамд тэрбээр 100 метрийн зайд 10.72 секундын амжилтаар алтан медаль хүртсэн нь Сент Люсиа улсын шинэ дээд амжилт болсон билээ. Энэ нь Сент Люсиагийн тамирчдын Олимпын наадмаас авсан анхны медаль байв. 200 метрийн зайд Альфред АНУ-ын аварга Габриэль Томасаас 0.25 секундын ард хоёрдугаар байрт орлоо.
Л.Баяр