Парисын олимпын наадмын сонгомол бөхийн төрлийн хамгийн хүнд 130 кг-ын жингийн аваргын төлөө олимпын дөрөв, дэлхийн таван удаагийн аварга Кубын домогт бөх Мижан Лопес Нунес болон ДАШТ-ий хүрэл медальт Чилийн бөх Ясмани Акоста Фернандис нар тунаж үлдлээ. Тэд өнөөдөр барилдаж хэн нь аварга болохоо үзнэ.
Энэ жинд олны сонирхлыг татаж буй эрхэм бол өдгөө 41 настай Кубын алдарт бөх Мижан Лопес Нунес гарцаагүй мөн. Тэр өнөөдөр аваргалбал олимпоос ТАВАН алтан медаль хүртсэн дэлхий дээрх цор ганц хүн болно. Бүх цаг үеийн хамгийн агуу бөхчүүдийн нэг гэгддэг Лопес бол Олимпын дөрвөн удаагийн алтан медальт, Дэлхийн таван удаагийн аварга, Пан Америкийн наадмын таван удаагийн аварга билээ. Тэрбээр Кубын сонирхогчийн боксчин Мишель Лопес Нунесын төрсөн дүү юм.
Тэр энэ удаагийн олимпын наадамд Кубын жүдоч Идалис Ортизтой хамт туг барьсан. 196 см өндөртэй, 130 кг жинтэй гэхээр аварга том эр гэдэг нь мэдээж.
Лопес анх 2004 онд Грекийн Афин хотод болсон зуны олимпын наадамд эх орноо төлөөлж байлаа. Улмаар 2008 оны Бээжин , 2012 оны Лондон, 2016 оны Рио, 2020 оны Токтогийн олимпын наадмаас алтан медаль хүртжээ.
Ингэснээр тэр олимпын дөрвөн алтан медаль хүртсэн анхны эрэгтэй бөх, мөн ганцаарчилсан төрөлд дөрвөн алтан медаль хүртсэн тав дахь тамирчин болж түүхэнд үлдсэн юм. Мөн Кубын тугийг дөрвөн удаа олимпын наадамд барьсан эрхэм юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)