Дэлхийн боксын холбоо (World Boxing)-ийн ерөнхийлөгч Борис ван дер Ворст тэргүүтэй төлөөлөгчид Mongolia House-д зочилж, ирэх 9-р сард Улаанбаатар хотноо зохиогдох Ulaanbaatar Cup тэмцээний бэлтгэл ажилтай холбоотой уулзалт зохион байгууллаа. Үүнээс өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ноён Б.Ван дер Ворсттой тэмцээний талаар санал солилцож, Mongolia House-д зочлохыг урьсан билээ.
Уг уулзалтад манай улсыг төлөөлөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МБХ-ны дэд ерөнхийлөгч М.Баянмөнх болон Боксын олон улсын шүүгч С.Баясгалан нар байлцав. Ирэх 9-р сард Улаанбаатар хотноо явагдах уг тэмцээн нь шинэ олимпын циклийн хамгийн эхний тэмцээн болно гэдгээрээ онцлогтой билээ. Mongolia House-д явагдсан уг уулзалтанд АНУ, Канад, Их Британи, БНСУ, Нигери, Нидерланд, Швед, Чехийн боксын холбооны удирдлагууд оролцлоо.
World Boxing нь 2023 оны 4-р сард боксыг олимпын хөтөлбөрт үлдээх нэн тэргүүний зорилготойгоор байгуулагдсан холбоо юм. ОУОХ нь IBA буюу Олон улсын боксын холбоог засаглал, санхүүжилт, шүүлтийн асуудалтай холбоотойгоор 2023 оны 6-р сард гишүүнчлэлээсээ хассан. Парис 2024-ын боксын тэмцээнийг ОУОХ-ны тусгай нэгж зохион байгуулж буй. Одоогоор боксын спорт Лос Анжелес 2028 олимпын хөтөлбөрт багтах эсэх нь баталгаажаагүй байгаа юм.
Ташрамд дурдахад, World Boxing олимпын наадам эхлэхтэй зэрэгцэн Итали, БНСУ, Бермудын арал, Кайманы арлын боксын холбоог гишүүнээр элсүүлснээ зарласан. Ингэснээр тус холбоо нийт 37 гишүүнтэй болоод байна. Монгол улс тус холбоонд элссэн анхны Ази тивийн төлөөлөл болсон билээ.