Парисын олимпын +100 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болно. Өдгөө 35 настай домогт Тэдди Ринер аварга нутгийнхаа дэвжээнд олимпын гурав дахь алтан медалиа хүртэж чадах уу? гэх асуулт жүдо сонирхогчдын дунд буй.
Таван настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн Тэдди жүдо, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн секцэнд явдаг байсаар 13 настайдаа жүдо бөхөд өөрийгөө зориулахаар шийдсэн гэдэг. 2006 онд Ринер анх удаа Европын аварга, жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга болсон. 2007 онд Рио-де-Жанейро хотод Ринер финалд Тамерлан Тменовыг ялж насанд хүрэгчдийн дунд дэлхийн аварга болсон юм. Тэр үед Тедди 18 настай эрэгтэй жүдо бөхийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болж байсан түүхтэй.
Тэрбээр Дэлхийн 11 удаагийн аварга, Европын 5 удаагийн аварга юм. Францын оны шилдэг тамирчнаар гурван удаа шалгарсан. 2009 оноос эхлэн бараг 9 жил дараалан 150 гаруй ялалт байгуулсан.
Карьерийнхаа туршид Ринер олон улсын, аварга шалгаруулах тэмцээнд ердөө есөн удаа ялагдсан. Тэрээр 2006 онд Брайсон , Толзер, 2007 онд Бианчесс , Рыбак , 2008 онд Мунета , Грим Вуйстерст ялагдаж, 2008 оны зуны олимпийн гурав дахь тойрогт Абдулло Тангриевт ялагдаж, хүрэл медаль хүртэхээсээ өмнө, 2010 оны есдүгээр сарын 13-нд ялагдсан. Тэрээр 2010 онд Токиод болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нээлттэй жингийн аварга цолыг Дайки Камикавад алдсан бөгөөд дараалсан 154 ялалтын өмнөх сүүлчийн ялагдлаа. Тэрээр бараг 10 жилийн дараа Парисын “Их дуулга”-ын гуравдугаар тойрогт дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдсэн Кокоро Кагеуратай таарч ялагдсан.
Тэр замналынхаа тав дахь олимпын наадамдаа оролцож байгаа. Анх 2008 онд Бээжингийн олимпоос хүрэл хүртэж байлаа. Дараагаар нь 2012 оны Лондонгийн олимпод аваргалж, Риод давтсан. 2020 оны Токиогийн олимпоос тэр мөн хүрэл авсан юм. Ингээд харахад тэр Ази тивд одгүй гэмээр. Энэ удаа тэр нутагтаа барилдах учир давуу тал их. Тэр Их дуулгаас 11 алт, Гранпри тэмцээнээс 6 алт, Залуучуудын ДАШТ-ээс 2 алттай. Тэр нутагтаа, сүүлчийн олимпдоо аваргалж чадах уу?
Л.Баяр