БАРИМТ 1
Томас Жолли 1982 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Францын баруун хойд зүгийн Руан гэх 100 гаруй мянган хүн амтай жижигхэн хотод төржээ.
БАРИМТ 2
Түүний аав хэвлэх үйлдвэрийн ажилтан, ээж сувилагч байжээ.
БАРИМТ 3
Томас 1993 онд буюу ердөө 11 настай байхдаа урлагт хөл тавьж, жүжигчний замналаа эхлүүлсэн.
БАРИМТ 4
Бага насандаа Натали Баррабе гэх найруулагчийн “Théâtre d’enfants” гэх компанид харьяалагддаг байв.
БАРИМТ 5
Ахлах сургуульд элсэх жилдээ тэрбээр Раун хотынхоо Жанна д’Аркийн нэрэмжит сургуулийн театрын ангид элсчээ. Үүнийхээ хажуугаар “Théâtre des 2 Rives” гэх театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн гэнэ.
БАРИМТ 6
1999 онд Канын их сургуульд театр, урлагийн чиглэлээр элсч, их сургуулийнхаа оюутнуудтай хамтран аялан тоглолт зохион байгуулж, бүс нутгийнхаа хэд хэдэн фестивалиудад тогложээ. Харин 2001 онд оюутан хүүд гайхалтай боломж олдон найруулагч Оливьер Лопезын удирддаг “La Cité Théâtre”-д ажилд оров.
БАРИМТ 7
Их сургуулиа төгссөнийхөө дараа тэрбээр Ренн хот руу нүүж, Станислас Нордейгийн удирддаг “the National Theater of Brittany”-д элсч, тэндээ Жан Франкойс Сивайдер, Клауд Реги, Хюберт Колас, Роберт Кантарелла, Жэй Си Сайс, Антон Кузнецов зэрэг шилдгүүдээс үг сонсч, ур чадвараа хөгжүүлж байлаа.
БАРИМТ 8
Томас Жолли анх бие даан хоёр ч тайзны бүтээл найруулав. Тухайлбал, 2004 онд “Letters from the Portuguese Nun” зохиолыг, 2005 онд Жан-Лук Лагаргегийн “La Photographie” зохиолыг тус тус тайзнаа амилуулжээ. Мөн найруулахынхаа сацуу 2005 онд найруулагч Седрик Гурмелоны “Splendid’s” жүжигт, 2006 онд найруулагч Станислас Нордейгийн “Peanuts” жүжигт тус тус дүрээ мөнхөлсөн түүхтэй.
БАРИМТ 9
2006 оны төгсгөлд Томас өрх тусгаарлан, нутагтаа залуу жүжигчидтэй хамтран “La Piccola Familia” гэх уран сайхны нэгдлээ байгуулжээ.
БАРИМТ 10
Тэд 2007 оны нэгдүгээр сард алдарт зохиолч Пьер де Маривогийн “Arlequin poli par l’amour” гэх жүжгийг Шербур-Октевиль хотын Тридент танхимд тоглож, уран бүтээлийн гараагаа тавьсан аж.
БАРИМТ 11
Томас Жолли 2010 оноос эхлэн алдарт Уильям Шекспирийн “Henry VI” трилогийг тайзнаа тоглохоор бэлтгэж, ажлаа хоёр хэсэгт хуваажээ. Эхний хэсэг нь 2012 оны нэгдүгээр сард олон нийтэд хүрч, хоёрдугаар хэсэг нь 2015 онд тоглогджээ. Энэ цаг үеэс залуухан найруулагч урлагийн хүрээнийхэн дундаа үнэлэгдэж, ирээдүйтэй шилдэг уран бүтээлч гэж тооцогдох болов.
БАРИМТ 12
Парисын наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстангуэт 2022 оны есдүгээр сард олимп, паралимпийн наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийн нэрийг олон нийтэд зарласан тэр байв. Тэрбээр сонголтоо “бидний алсын хараатай нийцсэн амбицтай сонголт” гэж тодорхойлсон юм.
БАРИМТ 13
Тони Эстангуэт “Гайхалтай замналынхаа ачаар залуухан, бүтээлч, амбицтай Томас Жолли Францын урлагийн ертөнцийн тэргүүн эгнээнд явж байна. Түүний ер бусын үзүүлбэрүүд түүнийг хэрхэн хэм хэмжээг зөрчиж, дараагийн шатанд гаргахаа мэддэгийн нотолгоо. Тэр Сена мөрний эрэг дээр, де ла Конкорд талбай дээр, Стад де Франс цэнгэлдэхэд өмнө нь хэзээ ч байгаагүй урлагийн концепцийг бий болгоно” гэжээ.
БАРИМТ 14
Харин Томас Жолли “Сена мөрний эрэг дээр олимпийн нээлтийг хийх тухай сонсоод зохион байгуулах хороо юу хүсээд байгааг ойлгосон. Францад болох анхны паралимпийн нээлтийн ёслол, Стад де Франс цэнгэлдэх дэх хаалт 2024 онд дэлхий нийтэд өвөрмөц дүр төрхийг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.
БАРИМТ 15
Парисын олимпийн нээлт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр Сена мөрний эрэг дээр болно. Энэ удаад нээлтийг цэнгэлдэх дотор бус гадна хийж байгаа нь өвөрмөц шийдэл болоод байна. Нээлтийг нийтдээ 600 гаруй мянган хүн үзэж сонирхох таамаг байгаа бөгөөд 10 мянга гаруй тамирчин Сена мөрний эрэг дээр завьтай аялж, нээлтэндээ жагсана.
Сэтгэгдэл (46)