БАРИМТ 1
Тэрбээр 1996 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү.
БАРИМТ 2
Улсын харцага Н.Батзаяагийн аав нь түүний ээжийн төрсөн ах.
БАРИМТ 3
2021 онд Ховдын наадамд түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан.
БАРИМТ 4
Тэрбээр Астанагийн дэвжээнд Монголын чөлөөтийн тамирчдын хүртсэн тав дахь (эрэгтэй 3, эмэгтэй 2) хүрэл медалийн эзэн. Тус барилдаанд Узбекистаны бөхийн оноогоор цэвэр (10:0) ялж байв. 2019 оны Азийн аваргаас 86 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан юм.
БАРИМТ 5
Түүнээс дөрвөн жилийн дараа жин өгсөн 92 кг-ын жинд барилдаж медалиа ихэрлүүлж байлаа.
БАРИМТ 6
Хорват улсад зохион байгуулагдсан "Дэлхийн бөхийн холбоо"-ны чансааны оноо олгодог "Zagreb Open" олон улсын тэмцээний хүрэл медальтай тамирчин.
БАРИМТ 7
Тэрбээр бөхийн чөлөөт барилдааны "Олон улсын хэмжээний мастер" цолтой нэгэн.
БАРИМТ 8
2014 оноос чөлөөт бөхийн шигшээд багтаж, бэлтэл сургуулилалтаа хийж эхэлжээ.
БАРИМТ 9
Түүний аав Р.Ганбаатар ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Багийн л хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүү байсан" хэмээн Г.Ганхуягийн тухай ярьжээ.
БАРИМТ 10
Ховд аймгийн 90 жилийн ойн наадамд сумын заан цолтой Г.Ганхуяг долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.
БАРИМТ 11
Мөн ОХУ-ын Буриад улсад болсон "Байгаль опен-2023" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс аваргын алтан медальт.
БАРИМТ 12
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд Н.Бүрэнтөгс аваргатай учраа таарч, өвдөг шороодуулан дээд цол руу өгсөн барилдах замаа зассан.
БАРИМТ 13
Тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг давж, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж "Улсын харцага" цолтон болсон билээ.
БАРИМТ 14
Тэрбээр Ховд аймгийн Булган сумаас 94 жилийн дараа төрөн гарсан "Улсын цолтой бөх" юм.
БАРИМТ 15
Г.Ганхуяг харцага "Алдар" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх билээ.
БАРИМТ 16
170 см өндөр, 97 кг жинтэй.
БАРИМТ 17
Өнөө жилийн баяр наадамд Т.Довчинсэмбээгээр зургаа давж, цолоо баталсан.
БАРИМТ 18
Анх 2013 онд Сумын заан цол хүртжээ.
БАРИМТ 19
Улмаар 2014, 2016 онд цолоо баталсан.
БАРИМТ 20
Тэрбээр Сумын заануудын барилдаанд хоёр удаа 10 даван түрүүлсэн хүчтэн.
Сэтгэгдэл (59)