“Парис-2024” зуны олимпын наадмыг Монголын спортын сэтгүүлдчийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зурагчин Д. Нямбилэг сурвалжлан ажиллаж байна. Түүний 2 дахь зуны олимпын наадам. Харин энэ удаад баярт үйл явдал тохиож буй нь түүний охин Номин олимпын наадмын сайн дурын ажилтнаар тэнцэж Парист аав, охин хоёр хамтдаа зүтгэж буй ховорхон тохиол болж байна. Тэд энэ үйл явдлын тухай сэтгэгдлээ хуваалцлаа.
Д.Нямбилэг: Маш сайхан байна. Хамгийн гол нь Токиогийн олимпод манай Энхтүвшин охин Маралгоотойгоо ажиллаж байсан. Тэгэхэд надад их сайхан санагдаж байлаа. Харин энэ удаад миний охин шалгалтад тэнцээд бөмбөрцгийн наадамд хамтдаа ажиллаж байгаад үнэхээр баяртай байна. Энэ бол ховорхон тохиох аз завшаан гэж бодож, сэтгэл дүүрэн байна.
Н.Номин: Багаасаа аавтайгаа хамт явж, аавыгаа дэргэдээс нь харж, спортыг хайрлаж өссөн болохоор сайхан байна. Спортын тэмцээнүүдэд дагаж явдаг байсан ч одоо олимпод дагаад ирчихлээ. Аавдаа маш их баярлаж явдаг. Аав минь спорт, амьдралд, олон зүйлд надад түшиг тулгуур болдог. Энэ хором мөчийг мэдэрч байгаадаа маш их баярлаж байна. Би нээлтийн үйл ажиллагаанд хуваарилагдсан. Мөн орчин үеийн таван төрөлд ажиллахаар болсон.
М.Жаргал