БАРИМТ 1
Монгол улс нь 1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхлэсэн бөгөөд үүнээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесын олимпыг бойкотолсноор Монгол улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ.
БАРИМТ 2
Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш, 1976 оны олимпоос бусад бүх Өвлийн Олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна.
БАРИМТ 3
Монголын Үндэсний Олимпын Хороо нь 1956 онд байгуулагдаж 1962 онд Олон Улсын Олимпын Хороо үүнийг хүлээн зөвшөөрсөн. 1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол улс анх оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьсон байна.
БАРИМТ 4
Харин 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж нэг мөнгөн медаль /Ж.Мөнхбат/, гурван хүрэл /Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг/ медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.
БАРИМТ 5
1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж нэг мөнгөн медаль/Х.Баянмөнх/, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.
БАРИМТ 6
1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медаль /З.Ойдов/ хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.
БАРИМТ 7
1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгө /Ж.Даваажав, Ц.Дамдин/, хоёр хүрэл медаль /Д.Оюунболд, Р.Даваадалай/, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.
БАРИМТ 8
1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.
БАРИМТ 9
1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль/Н.Энхбат/, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.
БАРИМТ 10
1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль /Н.Баярсайхан, Д.Мөнхбаяр/ хүртэж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.
БАРИМТ 11
1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож нэг хүрэл медаль /Д.Нармандах/ хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.
БАРИМТ 12
2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.
БАРИМТ 13
Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид нэг хүрэл медаль /Х.Цагаанбаатар/ хүртжээ.
БАРИМТ 14
2008 оны Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцож жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.
БАРИМТ 15
2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.
БАРИМТ 16
2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.
БАРИМТ 17
2020 оны Токиогийн олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаж 43 тамирчинтай оролцов. Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.
БАРИМТ 18
Монголын баг тамирчид зуны Олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчууд медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн 4 төрөл бий.
БАРИМТ 19
2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол улс нь нэг ч алтан медаль аваагүй орнуудаас медалийн чанараараа тэргүүлж байсан боловч энэхүү олимпод жүдогийн төрлөөр Найдангийн Түвшинбаяр улсынхаа анхны Олимпын алтан медалийг авчирсан.
БАРИМТ 20
Одоогийн байдлаар Монгол улсын жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл (7)