Дотооддоо нэлээдгүй шүүмжлүүлээд байгаа “Michel&Amazonka” брэндийн бүтээсэн Монголын баг тамирчдын олимпын хувцас гадаадад гайхагдаж байна. Уг загварыг Монголчууд "Манж хувцастай төстэй" гэсэн бол гадаадууд ховор бүтээлд тооцоод байгаа юм. Энэ талаар CNN агентлаг мягмар гарагт "CNN STYLE" буландаа онцолсныг орчуулан хүргэж байна.
Үндэсний уламжлалт хэв маягийг хадгалсан уран нарийн хээ, хатгамал бүхий хантааз, дээлийг Монголчууд олимпын наадмын нээлт, хаалтын үеэр өмсөнө. Уг бүтээл олон нийтэд ил болсноос хойш интернэтэд шуугиан тариад байгаа юм.
Энэхүү загварууд нь “Монголын уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлсэн” хувцас, загварыг үйлдвэрлэдэг, Улаанбаатар хотод төвтэй “Michel&Amazonka” брэндийн бүтээл юм.
Тэд гэрэл зураг, видео бичлэгээр дамжуулан загваруудаа ил болгосон нь яг л тансаг зэрэглэлийн брэндийн сурталчилгааг санагдуулав. Эмэгтэй тамирчид ээмэг, хатгамал цүнхтэй байх бол эрэгтэй тамирчид сур харвааны малгай, бүс, үндэсний гуталтай байх гэнэ.
Загвар нь цайвар өнгөөр хийгдсэн бөгөөд дээр нь хөх, улаан, цагаан, төрөл бүрийн өнгөөр уламжлалт хээ угалзыг шаглажээ. Түүнчлэн тус улсын төрийн далбаанд байдаг “Соёмбо”, мөн "Есөн хөлт цагаан туг"-ийг бэлгэдэл болгосон байна. Мөн олимп зохиогдох Парис хот, наадам, цаашлаад Эйфелийн цамхаг, Олимпийн дөлтэй холбоотой хийцүүд бас бий.
"Нэг загварыг урлахад дунджаар 20 цаг зарцуулсан" гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ. Уг олимпын хувцас нь мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татсан. Ялангуяа ТикТок дээр илүү хандалттай байгаа. Загварын аналистууд болон спортын тайлбарлагчид уг бүтээлийг алга ташин хүлээж авсан. "Тэд Олимп эхлэхээс өмнө ялчихлаа" гэж стилист, зохиолч Райан Ип 2 сая гаруй удаа үзсэн видеондоо хэлжээ.
Мишээл Чойгалаа, Амазонка Чойгалаа нарын үүсгэн байгуулсан "Michel&Amazonka" брэнд өмнө нь "Бээжин-2022" өвлийн олимп, "Токио-2020" зуны олимпод оролцох Монголын багийн өмсгөлийг урласан. Эдгээр наадмуудаас Монголчууд нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ.
Монгол Улс 1964 оноос хойш олимпын наадамд оролцож байгаа. Далайд гарцгүй тус улс "Бээжин-2008" наадмаас анхны алтан медалиа жүдо, боксын төрлөөр хүртэж байв.
Долдугаар сарын 26-нд эхлэх Парисын олимпод тус улс 30 гаруй тамирчнаа илгээж байгаа бөгөөд дугуй, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх зэрэг спортын есөн төрлөөр өрсөлдөнө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (8)