Долдугаар сарын 16-ны энэ өдөр Монголын залуу үеийнхнийг шүлэг найргаараа байлдан дагуулсан яруу найрагч Б.Эрдэнэсолонго мэндэлжээ. Бид та бүхэнд түүний 10 шүлгийг онцолж байна.
1. Чи минь
Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь.
Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй
Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулдаггүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулдаггүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч надруу чам шиг ирээгүй
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг
Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...
2. Ээжээ санана
Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана Гөлөг харахаар санана
Шувуу нисэхээр санана
Үдэш болохоор санана
Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана …
Гадаа гудамжинд санана
Ганцаардахад санана
Уур хүрэхээр санана
Нойр хүрэхээр санана
Уйлаад санана …
Намар санана
Зун санана
Насаараа санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
3. Мартаад, санаад…
Урт хөл дээрх
Ийм гоо үзэсгэлэнг
Хаана харлаа …
Би мартаж эхэлж байна
Огт юу ч санахгүй байна.
… Огторгуйд
Гүн хар нүд
Зөөлхөн мөр
Зөөлхөн гар
Урт хуруу
Хурц хумс
Хөвөөд л , хөвөөд л байсан
Би тийшээ ниссэн юмуу, хаашаа юм
Ниссэн бол замдаа ямар нэг биетийг
Эсвэл анх харсан тэр зүйлээ
Маш хүчтэй мөргөснөөс
Ухаан балартсан
Унтах шиг л болсон
Сэрснээсээ хойш мартдаг болсоон
Мартдаг болсон.
Урт хөл дээрх
Ийм гоо үзэсгэлэнг …
4. Зүсүүлсэн нүүртэй…
20 насандаа зориулж бичсэн мөртүүд
Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Залуу байна, сайхан байна
Шартай, омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна…
Сүйтгэгдсэн, бас
Сүйтгэсэн
Цаг хугацаагаа
Эргэн хараад
Өөрийгөө анх удаа
Өөдгүй хүн гэдгээ
Мэдэв.
5. Амьд хөгжим амьд хүнээс илүү санагдана
Амьд хөгжим заримдаа
Амьд хүнээс илүү санагддаг
Түүнийг сонсч,
Түүнтэй ярилцаж болно
Гол нь тэр намайг ойлгодог
Сүмд мөргөл үйлдэх шиг
Нүглээ наминчлах шиг
Сүмээс харьж явах шиг
Сүм рүү очиж явах шиг
Тийм мэдрэмж төрдөг
Амьд хөгжим заримдаа
Амьд хүнээс илүү санагддаг
Гол нь тэр намайг
Инээлгэдэг
Уурлуулдаг, бас уйлуулдаг
Толинд харах шиг, толь хагалах шиг
Хагархайнуудаар нь өөрийгөө зүсэх шиг
Хачин мэдрэмж төрдөг
6. Чи яг Зун шиг...
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Чи
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана.
7. Согтуу номлогч
-Би чамд хайртай ,
Эхнэртэйгээ анх унтахдаа ч
Ингэж нялуурч байсангүй
Эх орон минь
-Би чамд хайртай
Хайрлах ёстой бүхнийг чинь
Би хайрласан.
Харин чи намайг огт
Хайрлахгүй юм.
Одоо болсон, би азгүй амьтан биш
Хамгийн үнэт санаагаа хайчилж орхино
Бүгдийг мартана, надаас элдвийг асуух,
Надтай харилцан ярилцахыг хориглоно
Баяртай эх хэл минь
Баяртай эхлэл минь
Баярлалаа хүүхнүүд ээ
Миний бичих
Та нарын ердийн амьдралаас
Мянга дахин доогуур
Бохир зүйл
Бохир үзэл
Хүүхдэд битгий ойртуул
Сэрүүн газар хадгал.
8. Намар
Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг
Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад
Саяхан татсан өвсний үнэрт мансууран
Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө.
Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад
Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд
Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод
Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг
Навчис өндрөөс унаж амиа хорложээ
Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ
Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг
Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана …
Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг.
9. Шүлгүүд...
Миний шүлгүүд,
“0” бүлгийн цустай
“00”-д байгаа хүн шиг
Өөрийнхөөрөө
Миний шүлгүүд,
Хүний үнэртэй
Хүүхдийн нулимстай
Хүүхний инээдтэй …
Миний шүлгүүд ,
Хүүхний энгэрээс гэрэлтэж
Хүүхдийн нүднээс харагдана … Миний харсныг бурхан бас харсан
Намайг буруутгах хэрэггүй
Миний сонссоныг тэр бас сонссон
Намайг чичлэх хэрэггүй
Миний амссаныг тэр бас амсана
Намайг өрөвдөх хэрэггүй.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)