Үндэсний их баяр наадмыг угтан Улсын начин Х.Оргилболдтой цөөн хором ярилцлаа.
-Та 2022 онд Улсын начин цол хүртсэн. Энэ жилийн хувьд наадмын бэлтгэл хэр хангагдсан гэж мэдэрч байна вэ?
-Сайхан байна аа. Увс нуур гал зургаадугаар сарын 15-нд бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл давгүй, сайн хангагдсан. Улсын начин цол хүртдэг тэр жилийн наадам бол 100, 101 жилийн ой байлаа шүү дээ. Тийм сайхан жил цол авсандаа баяртай явдаг даа.
Энэ жил өөрийнхөө барилдах дээд хэмжээндээ хүртэл барилдана гэж бодож байна.
-Яагаад "Алтан цом"-ын барилдаанд Дорноговиос барилдав аа? Тэндэхийн гарвал байна уу?
-Манай гал бөх олонтой. Нутгаас орох ёстой долоон бөхийн тоонд орж чадаагүй юм. Харин Дорноговиос багт нь орж барилдаач гэсэн санал ирсэн юм. Миний уугуул нутаг бол Увс аймгийн Тэс сум шүү дээ.
-Та нэг их сайхан "өмсдөг" дөө. Ойрын үед тэгж өмсөж байгаа харагдахгүй байна. Яагаад тэр мэхээ хийхээ больчихсон юм бэ?
-Бөх гэдэг судалгаатай спорт л доо. Гэхдээ хүний сурсан юм гэдэг мартагдахгүй, нэг орох л байх. Хүүхэд байхад анхны багш Бат-Очир маань энэ мэхийг зааж байлаа.
Бөхчүүд нэгнээ судлаад "унаган мэх"-ийг хийлгэхгүй байх талаас нь харж, сэтгэж, мэдэрч барилддаг болчихоод байгаа.
-Үндэсний их баяр наадмын хэдийн даваанд өөрийгөө харж байна вэ?
-Цолоо баталчихъя гэсэн хүсэл бол байна аа.
Монгол түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлж, дэлгэр сайхан наадахыг ерөөе.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)