Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр Швейцарын холбооны улсын үндэсний спортын төлөөлөл болох бөхчүүдтэй уулзаж, хоёр орны соёл, уламжлал, үндэсний спортын талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон Швейцар улсаас Монгол улсад суух Ерөнхий консулын газрын Хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хэлэхдээ “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил, Швейцар улсаас Монгол улсад Ерөнхий Консулын газар нээсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ирэх сард Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч Монгол улсад айлчлах болсон” хэмээн хэлэв.
Мөн спортоор дамжуулан хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх чухал хэрэгсэл хөшүүрэг болохыг тэмдэглэж, Швейцарын бөхчүүд Монгол Улс дахь айлчлал нь энэхүү ойр дотно харилцааны томоохон илэрхийлэл хэмээн тодотгов
Харин ноён Кристиан Штуки нь Швейцар улсын 70 гаруй мянган эрчүүд Швейцарын үндэсний бөх болох Швинген бөхөөр хичээллэдэг бөгөөд тус бөхийн дүрэм нь манай үндэсний бөхтэй ижил төстэй болохыг тайлбарлалаа. Тэрбээр Швинген бөхийн улсны аварга шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохиогддог ба 2700 бөх өрсөлдөж, түрүүлсэн бөхөд насан турш хадгалах “Бөхийн Хаан” цол олгодог уламжлалтай гэв.
Тус бөхчүүд Монгол улсад долоо хоног айлчилж, Багануур дүүргийн наадамд зодоглож, мөн Улсын баяр наадмын бөхийн барилдааныг сонирхож, орон нутгаар аялах төлөвлөгөөтэй юм байна.
Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол болон Швейцар улс нь хоорондоо олон талаар ижил төстэй шинж чанартай, тухайлбал, далайд гарцгүй хоёр улс орны хувьд “төвийг сахих” үзэл баримтлалыг эрхэмлэн баримталдаг, гар урлал өндөр хөгжсөн, мал аж ахуйдаа онцгой анхаарч өөр өөрийн онцгой бүтээгдэхүүн гаргадаг зэргийг тэмдэглэв.
Сэтгэгдэл (2)