Даваа гарагт Оросын пуужингийн довтолгоо Украины нийслэл Киев хот дахь хүүхдийн эмнэлэг дээр бууж, олон хүний амь эрсдлээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлснээр уг довтолгооны улмаас 40 орчим хүн нас барж, 170 гаруй хүн хүнд шархаджээ. ОХУ-ын агаарын цохилт нийслэлээс гадна Днепр, Кривой Рог, Славянск, Краматорск зэрэг мужуудад болсон байна.
Амиа алдсан хүмүүсийн гурав нь хүүхэд байна гэж Киев хотын цэргийн захиргаа даваа гарагт мэдэгдэв. Мөн Киевийн Охматдыт эмнэлэгт болсон бөмбөгдөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 16 хүн шархадсан байна.
Дээрх байгууламж нь Украины хамгийн том хүүхдийн эрүүл мэндийн төв бөгөөд улс орны өнцөг булан бүрээс ирсэн хамгийн хүнд өвчтэй хүүхдүүдийг хүлээж авдаг чухал газар байв. Украины хүний эрхийн төлөөлөгч Дмитрий Любинец хэлэхдээ, тус эмнэлэгт жил бүр 7000 орчим мэс засал, түүний дотор хорт хавдар, гематологийн өвчний эмчилгээ хийдэг гэв.
600 гаруй өвчтөнийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж, 100 гаруйг нь бусад эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлсэн гэж Лиашко мэдэгдэв гэж "Укринформ" төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)