Өнгөрөгч баасан гарагт бөхийн "Увс нуур" галын сорилго барилдаан болсон. Уг барилдаанд 96 бөх хүч сорьсноос Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Даян аварга Н.Батсуурь үзүүр булаав. Энэ үеэр бид Тува улсын арслан Айдын Сергеевич Монгуштай ярилцлаа.
-Таны наадмын бэлтгэл хэр байна?
-Бэлтгэл жигд, сайхан байна.
-Хэзээ Монголд ирсэн бэ?
-Зургадугаар сарын 27-нд ирсэн.
-Яагаад “Увс нуур” бөхийн галыг сонгож бэлтгэл хийх болов?
-Хоёр дахь жилдээ энэ гал дээр гарч байна. Гоё бас сайхан байдаг. Тува улсын гавьяат тамирчин, Даян аварга Н.Батсуурь Тува бөхчүүд биднийг урьсан.
-Та өнгөрсөн жил Багахангай дүүргийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн шүү дээ. Сэтгэгдэл хэр байна?
-Сайхан. Аймгийн заан цол хүртсэн. Энэ жил Баганхангайн наадамд барилдчихаад, Улсын наадамд хүч үзнэ.
-Та Тувадаа том бөх шүү дээ. Монгол, Тува бөхийн барилдаан адилхан. Гэхдээ ялгаатай талыг нь юу гэж хардаг вэ?
-Ялгаагүй зодог шуудаг өмсдөг. Гэхдээ Монгол бөхчүүд илүү хүчтэй гэж би боддог. Илүү сайхан шүү.
-Та нэг ярилцлагадаа эхлээд аймгийн цол авна. Дараа нь улсын наадамд барилдана гэж хэлсэн байсан. Тан шиг зорилготой хэр олон Тува бөх байна вэ?
-Энэ жил надаас гадна хоёр хүү байгаа. Тэд маань Багануур дүүргийн наадамд барилдах байх.
-Та Монгол үндэсний бөхийн ямар цолыг сайхан гэж боддог вэ. Ямар цолонд нь хүрэх хүсэл байна?
-Мэдэхгүй. Том цол л юм даа.
-Монгол түмэндээ наадмын мэндчилгээ дэвшүүлээч?
-Монгол түмэн минь сайхан наадаарай.
Л.Сайнаа