Мягмар гарагт Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд Туркийн шигшээ баг Австрийг хожсон. Энэ тоглолтод хоёр гоол оруулсан Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерих Демиралын гаргасан үйлдлийг Германы Дотоод хэргийн сайд буруушаав.
Демирал Туркийн шигшээг 2:1-ээр ялахад хоёр гоол хийж, Туркийн хэт даврагч “Саарал чоно” бүлэглэлтэй холбоотой “чонын мэндчилгээ” гэгддэг дохио зангаагаар баяраа тэмдэглэсэн юм.
"Туркийн хэт даврагчдын бэлгэдэл манай цэнгэлдэх хүрээлэнд байх ёсгүй. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн тавцан болгон ашиглах нь огт хүлээн зөвшөөрөгдөхгүй. Бид УЕФА-г энэ хэргийг шалгаж, хориг арга хэмжээг авч үзнэ гэж найдаж байна" гэж Германы Дотоод хэргийн сайд Нэнси Фаезер "X" хуудсанд лхагва гарагт хэлэхдээ, тус бүлэглэл Германы хяналтад байгаа гэж нэмж хэлэв.
Хожсоныхоо дараа Демирал дохио зангаа хийж буй зургаа X дээр нийтэлж, "Өөрийгөө турк гэж боддог хүн бүр аз жаргалтай" гэж бичжээ.
Европын хөлбөмбөгийн удирдах байгууллага болох УЕФА лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, Демиралын "зохисгүй үйлдэл"-ийг шалгаж байна гэв.
“2024 оны 7-р сарын 2-нд Германы Лейпциг хотод болсон 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн Австри-Туркийн тоглолттой холбогдуулан УЕФА-гийн сахилгын журмын 31-р зүйлийн 4-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн. Туркийн хөлбөмбөгийн холбооны тоглогч Мерих Демирал зохисгүй үйлдэл гаргасан” гэж УЕФА-гийн мэдэгдэлд дурджээ.
Харин Туркийн Гадаад хэргийн яам лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ УЕФА Демиралын эсрэг сахилгын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгджээ.
Л.Сайнаа