Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн мягмар гарагт гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 24 дугаар хуралдаанд оролцохоор Казахстаны Астана хотод газарджээ. Казахстан улсын Ерөнхийлөгч Ж.Токаев түүнийг нисэх онгоцны буудалд өөрийн биеэр угтан авсан. Казахстаны Ерөнхийлөгчийн Ордонд зочдыг орж ирэх үед дунд сургуулийн сурагчид Хятадын эх орны сэдэвт дууг хятад хэл дээр дуулсан хятадын даргад ихэд таалагдсан тухай хэвлэлүүд бичиж байна.
Ши Жиньпин мэдэгдэлдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Хятад, Казахстан хоёр орны харилцаа цаг үеийн өөрчлөлт, олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, хосгүй байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосоор ирсэн хэмээгээд, Хятад, Казахстаны найрамдлын олон жилийн түүхийг дурсан ярив.
2000 гаруй жилийн өмнө эртний торгоны зам хоёр орныг нягт холбож, Хятад Казахстаны найрамдалт харилцааны түүх эхэлсэн гэж Ши Жиньпин яриандаа дурджээ.
Мөн тэр 2013 оны есдүгээр сард Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах саналыг Казахстанд анх тавьж байсан. Тус оны 10 дугаар сард түүний дэвшүүлсэн 21 дүгээр зууны далайн торгоны замын санаачилгатай хамт "Бүс ба Зам" санаачилга (BRI) гэж нэрлэгдэх болсон. Хятад, Казахстаны "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа үр дүнтэй байна гэж Ши Жиньпин мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү айлчлалтай холбогдуулан Хятадын CGTN телевизийн редакцад Хятадын "Soochow" их сургуулийн профессор Виктор Гао уригджээ. Өөр бас бус хүмүүс уригдсан. Тэрбээр ШХАБ-ын талаар хөндөхдөө "Одоогоор ажиглагчийн статустай байгаа Афганистан, Монгол улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэн авах нь зүй ёсны асуудал юм" гэжээ.
Гэвч энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол улстай холбоотой асуудал яригдахгүй гэж бусад шинжээчдийн таамаг бий. Ямартай ч уг байгууллага Беларусыг 10 дахь гишүүн орноор элсүүлэх гэж байгаа сурагтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)