NBA-ийн энэ оны драфт үргэлжилж байгаа энэ үед олны хүсэн хүлээсэн үйл явдал болсон нь Леброн Жэймс том хүү Броннигийн хамт ирэх улиралд нэг багт тоглох болох боломжтой болсон мэдээ байв.
Бронниг Лэйкерс 55 дахь сонголтоор авсанаар NBA-д онцгой нэгэн түүх бүртгэгдлээ. Хоёр жилийн өмнөөс л ЛеБрон том хүү Броннитойгоо зэрэг тоглох цуу яриа гарсан. Жилийн өмнө түүнийг бүх цаг үеийн онооны лидер болоход тэднийг нэг багт тоглох боломжтой тухай яригдаж эхэлсэн.
Мэргэжлийн спортын түүхэнд аав, хүү хоёр зэрэг эсвэл хамтдаа тоглосон тохиолдол маш ховор. Америкийн дөрвөн лигт энэ нь ганц л байдаг. Тэр нь MLB-ийн "Seattle Mariners"-д Кен Гриффи хүүгийн хамт тэртээ 1990 онд хамт тоглож бүр нэг тоглолтод дараалж homerun хүртэл хийж явсан гэдэг.
Авто спортод нэг тохиолдол байдаг нь Дэйл Өрнхардт хүүтэйгээ нэг багт зэрэг уралдаж байж. Крикетийн спортод харин ийм тохиолдол олон байдаг гэнэ.
ЛеБрон, Бронни хоёрын түүхийн хувьд сагсанбөмбөгийн спортод ховор тохиолдол болох нь гарцаагүй. Эцэг, хүү хоёрыг нэг багт тоглуулахын тулд бусад багууд түүнээс татгалзах хэрэгтэй болсон. Цаашлаад Бронниг драфтын сүүл рүү жагсаасан нь заль байсан гэх яриа ч байна. Ямартай ч тэд ирэ улиралд нэг багт тоглох болно.
Л.Сайнаа