Н.Өсөхбаяр хурц одоогоос есөн жилийн өмнө сумын заан цолтой Улсын баяр наадмын өсвөр үеийнхний барилдаанд үзүүрлэж, “Улсын шандас” цол хүртсэн нь бөхийн замд орох үндэс болсон гэдэг. Тухайн жил өчигдөр шөвгөрсөн Улсын даян аварга Н.Батсуурь анхны түрүүгээ хүртэж байв. Үүнээс харахад түүнийг хэр хурдан амжилтад хүрч, ур чадвар нь сайжирч буйг харж болно.
Таван аварга зодоглосон тэр жилийн наадамд түрүүлэх боломжоо “салхинд хийсгэсэн“ ч Н.Өсөхбаяр алдаанаасаа суралцаж, дараах гурван жил нь үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд завсаргүй түрүүлэн бөхийн мэргэжилтнүүдээс онц дүн авах нь тэр.
Түүний өвөө аймгийн хурц арслан Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Н.Өсөхбаяр 2017 онд Дархан-Уул аймагт болсон үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн тоогоо дөрөв болгосон юм. Тэр жил 19 настай Н.Өсөхбаяр нутгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртэв. Шахаж татах мэхийг бол “амьдаа аварга” шигээ сурцтай хийдэг. 2018 оны Сүхбаатар аймгийн наадамд аймгийн заан М.Гансүхээр найм давж аймгийн арслан болсон тэр жилийн Улсын баяр наадамд Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж, аварга болж байв.
Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэн он жилүүдэд онцгой сайн барилдсан байна. 2022 онд Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойн тэгш ойн наадмаар даян аварга Н.Батсуурьтай түрүү булаалдан үзүүрлэж байлаа. Урд өдөр нь аймгийн цолтой бөхийн барилдаан зохион явуулахад төвөггүй түрүүлж байна билээ. Түүний бөхийн зам тэгш байгаагүй. 2020 онд П.Бүрэнтөгсийг аварга болдог наадмын хоёрын даваанд Говь-Алтайн Б.Хишигбаатарт унасан. Бэртэл гэмтэлтэй байсан тэрбээр бэлтгэлээ олигтой хийж чадаагүй наадамд зодоглосон гэдэг.
Жилийн өмнөөс бэртэл нь эдгэрч, бэлтгэл нь жигдрэн өнгөрсөн жил “Хэвийн боовны баяр”-т зориулсан барилдаан болон аймгийн арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлж, Дотоодын цэргийн 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарсан амжилтаас харвал бэлтгэл сургуулилт нь жигдэрчээ.
Шахаж татах мэхээ бол хорьсон, хориогүйд ч хийнэ. Сүүлийн үед тэр тосгуулж хавираад залгуулж мушгих, хөмрөх мэхэнд гаршсан байна билээ. Түүнийг 2022 жил Улсын цол авна аа хэмээн олон хүн итгэл хүлээлгэсэн боловч хоёрын даваанд Баянхонгорын арслан Ч.Алтангэрэлд тахим буулгасан нь харамсалтай. Цол авах бөхийн тоонд гарцаагүй байсан тэрбээр Бар жилийн барцадаа ингэж гаргасан юм. Наадмын дараа Хүй долоо худагт болсон “Хүрээ цам” Даншиг наадамд тав давж даншигийн начин цол авсан. Улсын начин цолны энтэй бөх гэдгээ тэгж харуулсан.
Тэрбээр өнгөрөгч 2023 оны Туулай жилийн Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Сүхбаатарчууд Цагаан сарын барилдаанд одтой гэдгийг нотлон харуулсан. Бас 2023 оны наадмын өмнөхөн болсон Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагвыг давж түрүүлсэн юм.
Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар бөх сонирхогч түмэнд түүнийг улсын цолонд хүрнэ гэж харж байсан ч дөрвийн давааны нугалаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй оноолт таарч шийдэмгий мэх хийсэн ч буруудан унасан. Тэр магадгүй нэг л өдөр Улсын аварга П.Бүрэнтөгс шиг аймгийн цолноос Улсын арслан цолонд хүрч мэдэх л хүчтэн дээ.
Учир нь тэр өнгөрсөн жилийн наадмаас хойш "Ургацын баяр - 2023"-т зориулсан барилдаан, Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит барилдаанд тус тус түрүүлсэн. Мөн Бүх цэргийн баяр наадам, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит барилдаанд үзүүр булаагаад буй.
Бөх цөөтэй гэгддэг хязгаар нутгаар үе үехэн төрдөг ховор бөхчүүдийн залгамж түүнийг улсын цолонд хүрнэ гэдгийг Монголын ард түмэн гарцаагүй мэднэ. Өнөө жилийн баяр наадмаар өөдтэй барилдаасай гэж найднам.
Л.Сая
Сэтгэгдэл (10)