Баримт 1
УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн. Тэрбээр 1972 оны 4-р сарын 19-нд Улаанбаатарт төрсөн. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү.
Баримт 2
Тэрбээр Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, АУИС, хүний их эмч, Хавдар судлалын төв, хавдар судлаач эмч, Швейцари Улс, Лозаны их сургууль, мэс заслын эмчийн резентур, Япон, Токиогийн Анагаах ухааны эмэгтэйчүүдийн их сургууль, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Баримт 3
Ажлын гараагаа Анагаах ухааны хүрээлэн, шинжлэх ухааны туслах ажилтанаар эхэлж байжээ. Дараа нь ХСҮТ, ерөнхий мэс заслын тасаг, мэс, ХСҮТ, Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шымкент хотын хавдрын төв, сургагч багш, АШУҮИС, Хавдар судлалын багш, Монголын элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэгийн тэргүүн, ХСҮТ-ийн ерөнхий захиралаар ажилласан.
Баримт 4
Улс төрд орж ирэхээсээ өмнө тэрбээр элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, нойр булчирхайн хорт хавдрын 300 орчим мэс засал, 110 гаруй удаагийн цөсний замын хорт хавдрын хагалгаа, элэг солих 21 мэс заслыг хийсэн нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх суурь болсон байдаг.
Баримт 5
Мөн элэгний хавдрын бүх шатны эмчилгээ Монголд өнөөдөр нутагшсан нь түүнийг Хавдар судлалын үндэсний төвийг удирдаж байхдаа хийсэн хамгийн том гавьяа гэж үнэлдэг. Монгол Улсын төр ч энэхүү хөдөлмөрийг нь үнэлж, гавьяат эмч цолыг 2019 онд хүртээсэн.
Баримт 6
“Элэгний Чинбүрэн” гэж нэрлэгдэх хүртлээ ард олныхоо хүндлэлийг хүлээж, эрүүл мэндийн салбарт нэрээ дархалсан мэс засалч юм.
Баримт 7
Гэвч тэр хавдартай тэмцэх ажлаасаа завсарлага аван, Ардын намд элссэн нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх болсонтой нь холбоотой байв .
Баримт 8
“Монгол Улсыг хорт хавдартай тэмцэж чадсан жишиг орон болгоно” гэх PR нь сонгогчдод ч хүрч, итгэл хүлээсэн. Гэвч парламентад гишүүнээр сонгогдчих л юм бол эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж буй эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээс эхлээд олон зүйлийг хийх тухай амлалт нь биеллээ олсон нь цөөн.
Баримт 9
Харин ч “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эхнэр С.Төгсдэлгэрийгээ Эрүүл мэндийн яамны газрын дарга болгохоор сайд С.Энхболдтой тохирчээ”, “УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь П.Мэндсайханы барилгыг 40 тэрбумаар үнэлж, улсад худалдан авах тохироо хийжээ”, “Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болохоор зүтгэж байна” гэх мэдээлэл цацагдаж байв.
Баримт 10
Засгийн газар бүрдэх, сэлгээ хийх бүрт “Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүн болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн л авч явж чадна” гэдэг PR сошиалаар цацагддаг нь нийгмийн хүсэлт гэхээс илүү Ж.Чинбүрэн гэдэг хүний сайд болох амбиц гэж харахад буруудах зүйлгүй.
Баримт 11
Тухайлбал, МАН 2020 оны УИХ-ын сонгуульд 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулан, Засгийн газраа байгуулах болоход сайдын суудлын төлөөх өрсөлдөөн болж, тэр дунд Ж.Чинбүрэн гишүүний нэр багтаж, нийгмийн сүлжээнд “Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй” гэдэг хоёр талын маргаан үүсэхэд тайлбар хийж байсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Үндсэн хуулиар Засгийн газраа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд! Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горилогч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна" гэсэн байдаг.
Баримт 12
Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-ээс ахмад настнуудын тэтгэврийг нэмсэн. Эл нэмэгдэл ахмадуудын нэг хэсгийг баярлуулж, нөгөө хэсгийг гомдоосон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, дарга даамал хийж явсан хүмүүсийн тэтгэвэр 550 мянган төгрөгөөс 1 сая гаруй болж өссөн бол хар бор ажил хийж явсан ахмадуудынх 10 хувиар өссөн.
Баримт 13
Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажиллаад тэтгэвэр нь 550 мянган төгрөг байсан. Өглөө босоод бөөн баяр хөөр сууж байна. Яав юу болоов гэтэл тэтгэвэр 1 сая 39 мян төгрөг болсон байна, ач зээ нартаа хишиг хүртээнэ гээд сууж байна.Улс эх орноо хөгжүүлэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулсан азай буурлууд Та бүхэн минь сэтгэл хангалуун, эрүүл саруул, #элэг_бүтэн урт удаан наслаарай” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэсэн нь сошиал орчинд шуугиан дэгдээж, амжсан.
Баримт 14
Тэрбээр энэ парламентад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан.
Баримт 15
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Коронавируст халдварын цар тахлаа сурьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэг сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг санаачлан батлуулжээ.
Баримт 16
Түүний 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 345 сая, гэр бүлийн орлого 23 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 17
Мөн тэрбээр 245 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan Murano маркийн автомашинтай.
Баримт 18
186 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай бол 65 сая төгрөгийн үнэ бүхий газартай аж. Мөн 115 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Баримт 19
Түүний УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн хамгийн том ажил нь “Новартис аксесс” хөтөлбөрийн хүрээнд 19 төрлийн эмийг 1 ам.доллараар худалдан авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгодог болох санаачлага гарган оролцсон хүний нэг гэж үздэг.
Баримт 20
Эл хөтөлбөр Монгол Улсад 2022 оны сүүлээс эхлэн хэрэгжсэнээр 20-иод тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон гэсэн тооцоо бий. Ингэхдээ таван тэрбум орчим төгрийн хэмнэлт нь иргэдэд шууд утгаараа хүрсэн гэж үздэг.
Баримт 21
Мөн энэхүү 19 төрлийн эм нь хамгийн чанартай гэдгээрээ онцлогтой. “Новартис аксесс” хөтөлбөр нь буурай болон дунд хөгжилтэй орнуудад хэрэгждэг юм.
Баримт 22
Энэ хаврын чуулганаар тэрбээр Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороог даргалж, хянан шалгар сонсгол зохион байгуулсан.
Баримт 23
Тухайн үед тэрбээр Эмийн чанар, үнийн талаар шүгэл үлээж байна хэмээн сошиад хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж байв. Үүний дараа Хянан шалгах түр хорооны сонсголыг зохион байгуулсан ч тодорхой үр дүн гараагүй.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд наймдугаар тойрогт нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (3)