Баримт 1
Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, 1982 онд Хужирт сумын арван жилийн дунд сургууль төгссөн. Улмаар 1986 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгсчээ.
Баримт 2
МУИС-ийг төгсөнгүүтээ төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлэхээр очсон байдаг. Ингээд 1986-1990 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлжээ.
Баримт 3
Залуу боловсон хүчин, эзэмшсэн мэргэжлээрээ чамгүй үр дүнтэй ажилласан тэрбээр тушаал ахиж 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллажээ.
Баримт 4
Улмаар 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашсан байна. Үүний дараа 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм.
Баримт 5
Харьцангуй нэр цэвэр улстөрчдийн тоонд багтдаг тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай.
Баримт 6
Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, мөн Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж.
Баримт 7
Түүний сонгуульт ажлын хувьд 1997-2000 онд аймгийн МАН-ын хорооны дарга, 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.
Баримт 8
Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас Н.Төмөрхүүгийн хамт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан ч тойргоо булаалгасан гэхэд болно. Гэвч “Би хууль бус зүйл хийгээгүй. Үнэн, худлыг цаг хугацаа нотлоно” хэмээгээд тоглоомын тойргийн гадна үлдсэн юм.
Баримт 9
Сонгуульд ийн өвдөг шороодсон ч 2014 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож, 2016, 2020 онд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр төрөлх Өвөрхангай аймгаасаа сонгогдсон юм.
Баримт 10
Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдох үед нь нүдээ олсон шийдвэр боллоо гэх хүн цөөнгүй байсан. Учир нь 2000 оноос хойш уг салбарт ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн олон хуулийн төсөл дээр ажилласан туршлагатай. Энэ ч утгаараа салбарын шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Баримт 11
Сайд болсныхоо дараахан “Монгол Улсад нийт 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдэд бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэдгийг онцолж байв. Тиймдээ ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан нь томоохон амжилтын нэг билээ.
Баримт 12
Мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргахад салбараа төлөөлөн багагүй идэвх гаргасан байдаг. Үүний үр дүнд Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу нэг сая гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон юм.
Баримт 13
С.Чинзоригийн хувьд дээр хэлсэнчлэн хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түүчээлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд бат зогссоноор Засгийн газрын анхаарлыг чиглүүлж чадсан юм.
Баримт 14
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэхэд салбарын зүгээс багагүй анхаарч ажилласан. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2019 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор юм. Нийт 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай тус төв нь өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 1-нд нээлтийг нь хийж үйл ажиллагаа эхлүүлсэн ч Баянгол дүүргийн Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил хүртээмжгүй гэж үзэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр шилжүүлж өгөхийг хотын даргаас тэрбээр хүсэлт гаргасан удаатай.
Баримт 15
Түүний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй оюутан залуусын сурч хөдөлмөр боломжийг дээшлүүлэхэд олон ажил хийсэн. Үүний нэг жишээ нь МСҮТ-ийн эрэлт багасч, толгойтой бүхэн их, дээд сургуулийг сонирхож улмаар чанаргүй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх болсон цаг үед шийдвэртэй алхам авч хэрэгжүүлсэн юм. Энэ нь Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргуулахад салбарын сайдын хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаснаас харж болно.
Баримт 16
С.Чинзориг ХНХ-ын сайд болсны дараагаас цалин, тэтгэврийг нэмэх чиглэлээр удаа дараа санал гаргаж байсан. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийт 190 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин нэг сая төгрөг рүү дөхсөн. Уалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 408 ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.
Баримт 17
Цалин, тэтгэврийг нэмэхээс гадна хамгийн чухал шийдвэр гаргахад түүчээлсэн. Энэ нь цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгө нэмэгдэхээр болсон шийдвэр. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнхийг 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315 төгрөг, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.
Баримт 18
Түүний 2022 онд АТГ-д мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 64 сая, гэр бүлийн орлого 28 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 19
330 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай бол хадгаламжиндаа 3.5 сая төгрөгийн орлоготой. 25 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг тээврийн хэрэгсэлтэй, 16 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Баримт 20
Тэрбээр энэ парламентад гурван жил орчмын хугацаанд сул гишүүнээр ажиллаад өнгөрсөн жилээс Эрүүл мэндийн сайдаар томилогдсон.
Баримт 21
Ардын нам дотор “Мэргэжлийн хүнээр эл салбарыг удирдуулах ёстой” гэх PR хүчтэй явсан ч Ерөнхий сайд танхимдаа туршлагатай хүн авахыг чухалчилсан уу, эдийн засагч мэргэжилтэй С.Чинзориг гишүүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.
Баримт 22
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийг ч амжилттай хийж, Багш нарын түр хорооноос шаардсан “ажил хаялт зарлана” гэх мэдэгдэлд нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хэн дуртай нь ажил хаяна гэж айлгадгаа болих хэрэгтэй” гэх хатуухан үгээр сануулга өгч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг сануулсан удаатай.
Баримт 23
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гамшгаас хамагаалах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүлэх тухай хуулиудыг батлуулсан байна.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (2)