Хөлбөмбөгийн ЕАШТ эхлээд зургаан өдөр өнгөрчээ. Нийт зургаан хэсэгт багууд дөрөв дөрвөөрөө хуваагдан тоглож буй. Тэмцээний А хэсэгт Герман, Шотланд, Унгар, Швейцарь, В хэсэгт Испани, Хорват, Итали, Албаниийн шигшээ багуууд багтсан. Харин С хэсэгт Словени, Дани, Серби, Англи, D хэсэгт Нидерланд, Франц, Польш, Австрийн шигшээ багууд багтжээ. Сүүлийн E хэсэгт Украин, Словак, Бельги, Румын, F хэсэгт Португал, Чех, Гүрж, Туркийн шигшээ багууд багтаад байна. Тэгвэл бид та бүхэнд эхний тойргийн дараах байдлаар хэсгийг ямар багууд тэргүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
А хэсэг
А болон B хэсэгт өнгөрсөн шөнө хоёрдугаар тойргийн тоглолтууд өрнөлөө. А хэсэгт зохион байгуулагч Германы шигшээ баг хоёр хожилтой өнгөлж байгаа бол Швейцарын шигшээ нэг хожил нэг тэнцээтэй удаалж буй. Герман нээлтийн тоглолтоо Шотландын багтай хийж 5:1-ээр илүүрхэж, хоёр дахь тоглолтдоо Унгарыг 2:0-оор ялсан. Швейцарын шигшээ баг эхний тоглолтдоо Унгарын багийг 3:1-ээр хожсон бол хоёр дахь тоглолтдоо Шотландын багтай 1:1-ээр тэнцэв.
Герман хэсгээ тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон бол Швейцарын шигшээ хожигдох эрхгүй байгаа. Хүснэгтийн гуравт байгаа Шотландын баг нэг оноотой. Хэрэв тэд ээлжит тоглолтдоо Унгарыг буулгаж авбал дөрвөн оноотой болох ч Швейцарын хожих хожигдох нь хувь заяаг шийднэ. Германы баг Швейцарыг хожих магадлал өндөр тул Унгарт боломж байсаар байна.
B хэсэг
Эл хэсэгт Хорват, Албанийн шигшээ багууд хоёр тоглолт хийсэн ч нэг оноотой хүснэгтийн сүүл мөшгиж буй. Модрич тэргүүтэй Хорватын шигшээ эхний тоглолтоо гурван удаагийн аварга Италийн шигшээтэй хийж 3:0-оор хожигдсон. Тэдний хувьд өнгөрсөн шөнө хоёдугаар тойрогтоо Албанийн шигшээтэй тэнцэж, хүснэгтийн сүүл мөшгих болзлоо хангасан юм.
Хэсэгтээ нэг тоглосон ч өнгөрсөн тэмцээний аварга Итали, гурван удаагийн аварга Испанийн багууд бүхэл гурван оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. Тэд өнөө орой хоорондоо тулна.
С хэсэг
Энэ хэсэгт Англи Сербийг 1:0-ээр илүүрхэж, гурван бүхэл оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин Дани, Слованийн багууд хоорондоо тэнцсэн тул нэг оноотой удаалж буй. Хэсгийн хоёр, гурав дахь тоглолтууд хувь заяаг нь шийднэ.
D хэсэг
Нидерландын шигшээ эхний тоглолтдоо Польшийг 2:1-ээр, Францчууд Австрийг 1:0-ээр хожиж, гурван оноотой хэсгээ тэргүүлж байна. Өнгөрсөн ДАШТ-ий дэд аваргууд Австрийн эсрэг тааруу тоглож, багийн лидер Мбаппе хамраа хугалсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд ялсан шалтгаан нь Австрийн багийн авто гоол юм. Өнгөрсөн ДАШТ-д Аргентины багт ялагдаж, шөвгийн наймаас мултарсан Нидерландын баг энэ хэсэгт Францын хамгийн чанга өрсөлдөгч байх нь гарцаагүй. Хорхойтнуудын харж байгаагаар уг хоёр баг хэсгээ өнгөлнө.
Е хэсэг
Сулхан гэгдээд байсан Румыны шигшээ эхний тойрогт Украиныг 3:0-ээр ялсан. Одоо тэд хэсгээ манлайлж буй. Хэсгийг удаалж буй Словакын шигшээ баг Кевин де Бройн, Лукаку зэрэг шилдгүүдтэй Бельгийг ялж гурван оноогоо авсан.
Бельгийн багийг баттай тэргүүлнэ гэж харж байсан энэ хэсэгт удаах тойргууд л бүхнийг шийднэ.
F хэсэг
Турк, Португалын багууд хэсгийг гурван оноотой тэргүүлж байна. Туркчууд ЕАШТ-д анх удаа оролцож буй Гүржийг арай чүү л ялсан гэж хэлж болно. Зургаа дахь ЕАШТ-дээ оролцож буй Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ Чехийн багийг 2:1-ээр хожоод байгаа.
Энэ хэсэгт ямар ч тоглолтууд гарч болзошгүй тул аль нь хэсгээсээ гарахыг урьдчилан таашгүй юм. Ямартай ч хоёр түүх бичигдэж буй хэсэг гэдгээрээ онцлог.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)