Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн түүхэндээ анх удаа Хойд Солонгост айлчилж байна. Энэ үеэр Хойд Солонгосын олон мянган иргэд Орос, Хойд Солонгосын далбаа, цэцгийн баглаа барин Пхеньяны өргөн чөлөөгөөр "Путин тавтай морил" хэмээн хашхирцгааж байлаа.
Путин, Ким нар төлөөлөгчдөө танилцуулж, Оросын төрийн дуулал эгшиглэхийн өмнө хоёр тэргүүн дээд тал нь онгорхой лимузин дээр мөр зэрэгцэн сууж, цугласан олон руу инээмсэглэн даллаж байв.
Путин орон нутгийн цагаар лхагва гаргийн үүрээр Хойд Солонгост ховор айлчлал хийхээр газардсан нь барууны орнуудтай дайсагналцаж, тэдний цэргийн хамтын ажиллагаа нэмэгдэж байгаад санаа зовнин Москва Пхеньянтай харилцаагаа гүнзгийрүүлж байгаагийн тод илрэл болов.
Олон улсын зүгээс Пхеньяныг Украинд хийж буй дайнд зориулж Москвад зэвсэг нийлүүлсэн гэж буруутгаж байгаа ч томоохон нотолгоог үл харгалзан хоёр улс үгүйсгэсээр байна.
Хоёр талын яриа хэлэлцээний өмнөхөн Ким "Оросын засгийн газар нутаг, цэрэг арми, ард түмний тэмцлийг бүрэн дэмжиж, эв нэгдэлтэй байхаа илэрхийлж, өөрсдийн бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Украинд явуулж буй Москвагийн дайныг дэмжинэ. Нөхцөл байдал ээдрээтэй, байнга өөрчлөгдсөөр байгаа ч бид (Оросын) удирдлагатай стратегийн харилцаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, нягт хамтран ажиллах болно гэдгийг энэ завшааныг ашиглан дахин хэлмээр байна" гэж Ким нэмж хэлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)