Баримт 1
УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, АНУ-ын Terry Sanford ахлах сургууль, Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль, Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/, Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Баримт 3
Ажлын гараагаа Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежерээр эхэлсэн. Дараа нь Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач, Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор, МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор, МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Баримт 4
Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Тус сонгуульд тэрбээр 46,04 хувийн санал авсан юм.
Баримт 5
Сэлэнгэчүүд түүнийг Ардчилсан Залуучуудын холбоонд гишүүнчлэлтэй явсныг анддаггүй. Гэвч 2020 онд Ардын намаас сонгуульд нэр дэвшиж Сэлэнгэчүүдийг төлөөлөх болсон юм.
Баримт 6
УИХ-д анх удаа сонгогдсон ч сайдын суудалд санаархсан нь намын гишүүдийнхээ шүүмжлэлийн бай болгож байв.
Баримт 7
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулахаар болж, Бага хурлаа зарлан хуралдуултал Ч.Ундрам гишүүн “Боловсролын салбараа аваръя гэвэл намайг сайдаар нь сонго” гэх агуулгатай зүйл ярьсанд Ардын намын гишүүд “Хойноос ирээд хот минийх. Хотонд ороод хонь минийх болж байна. Эхлээд хуулийн төсөл дээр ажиллаад сураадах” гэж аашлуулсан гэх нь бий.
Баримт 8
Тэрбээр МАН-ын гишүүд дотроо боловсрол өндөртэйд тооцогдох ч ёс зүйн хувьд асуудалтай хүнээр яригдсаар бүрэн эрхээ дуусгах болж буй.
Баримт 9
Тухайлбал, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болоод удаагүй байтал охиноо хүчирхийлсэн бичлэг цацагдсан нь нийгэмд дуулиан тарьж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэх асуудал ч хөндөгдсөн.
Баримт 10
Дээрх асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн иргэдээс УИХ-д цахимаар 200 өргөдөл, бичгээр 700 иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирсэн байдаг.
Баримт 11
Тэрбээр болж өнгөрсөн дуулиант явдлынхаа талаар “Энэ бол миний хувийн амьдралын асуудал учраас үүнээс болоод ажлаа өгнө гэдэг асуудал байхгүй. Үүнд хувийн болон хувьсгалын асуудал гээд маш олон үйл явдал байгаа учраас ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүний өргөсөн тангараг ёс зүйн асуудалтай харшилсан зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй огт холбогдоогүй. Хувийн амьдралтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй ярьмааргүй байна" гэх тайлбарыг өгч байв.
Баримт 12
Хувийн амьдралтай нь холбоотой асуудал арайхийн намжаад байтал твиттерийнх нь нууц хаяг задарсан нь бас л шуугиан тарьсан. Твиттерт Ч.Ундрам гишүүний туслах “Орон нутгийн багш” гэх нууц нэрээр давхар “жиргэдэг”, ингэхдээ намынхнаа намнуулдаг байсан нь илчлэгдсэн.
Баримт 13
Намнаанд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нар өртсөн нь тодорхой болсон. Түүний бот хаяг задарсан нь туслах нь будилснаас үүдэлтэй гэж хэлж болно.
Баримт 14
Тэрбээр УИХ-д сонгогдсоноосоо хойш Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлжээ.
Баримт 15
Мөн Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтаж ажилласан. УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдийн дунд “англи хэлийг үндсэн гадаад хэл” гэж хуульчлах эсэх асуудал дээр маргаан дэгдсэн. Ч.Ундрам гишүүний хувьд “Боловсролын ерөнхий хуульдаа англи хэл үндсэн гадаад хэл байна” гэж томъёолж өгөх нь Боловсролын сайд солигдох бүрийд үзэл баримтлал өөрчлөгддөггүй байх тогтвортой орчин бий болно гэж үзэж байв.
Баримт 16
УИХ-аар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх үеэр эцэг Ч.Чинбатынх нь хамаарал бүхий "Вояжер минерал ресурсес" ХХК 476.9 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан асуудал хөндөгдсөн.
Баримт 17
Энэ талаар тэрбээр “Миний аав бизнестээ намайг оролцуулдаггүй. Намайг мөнгөтэй биш боловсролтой болгохын төлөө хүмүүжүүлсэн. Надаас уучлал гуйж, энд тэндээс бүх зүйлээ шавхаад зээлээ төлж дуусгасан. Одоо ямар ч зээлийн асуудалгүй болсон. Хөгжлийн банкны зээлдэгч нарын мэдээллийг олон нийтэд ил болгоход л зээлтэй холбоотой мэдээллийг нь би мэдсэн. Би тухайн үед намынхаа гишүүнээс түдгэлзсэн байсан үе болохоор аавынхаа зээл авсан асуудалд оролцоогүй” гэж мэдэгдэж байв.
Баримт 18
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн бүрийн ширээн дээр “Улаан цэцэг” киноны постер байрлуулсан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Учир нь Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл хийсэн юм.
Баримт 19
Тэгвэл энэ талаар Ч.Ундрам дараах тайлбар мэдээллийг цахим хуудсандаа нийтэлсэн байдаг. Тэрбээр “Сономын Удвал ахайтны кино зураг авалт хийгдэж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож, гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос Монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч, үүрд дурсах болтугай” гэсэн юм.
Баримт 20
Тэрбээр Англи, Орос, Япон хэлтэй.
Баримт 21
Түүний 2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 89 сая төгрөг, гэр бүлийн орлого 60 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 22
120 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр зуслангийн байшингийн байшинтай. 307 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200, Land Rover, Land Rover V1 автомашинтай.
Баримт 23
Нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй буюу хамгийн их үнэт эдлэлтэй гишүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Мөн 75 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай аж. Тэрбээр Хөнгөнбетон ХК, Дийзл транс ХХК, Малтикс ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд тавдугаар тойрогт нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (18)