Сэргэн мандалтын үеийн Италийн их мастер Тицианы зурсан, хоёр удаа хулгайд алдагдсан уран зураг Лондон хотын автобусны буудлаас олджээ. Зургийг гялгар уутанд хийсэн байдалтай автобусны буудалд хаясан юм. Уг зураг ирэх долдугаар сард дуудлага худалдаагаар 32 сая долларын үнэ хүрэх төлөвтэй байна.
Уг зураг нь Иудей улсын хаан Херод залуу Христийг алахыг хүссэнийг мэдээд зугтаж буй Есүс, Мариа, Иосеф нар Египет рүү явах замдаа амарч буйг дүрсэлжээ. Жинхэнэ нэр нь Тициано Вечелио гэгддэг байсан Тициан энэ бүтээлийг 16 дугаар зууны эхний арван жилд, уран бүтээлийн замналынхаа эхэн үед бүтээжээ.
Ердөө 46.2 сантиметр х 62.9 сантиметр хэмжээтэй уг зураг нь Тицианы хожим нь алдаршсан томоохон бүтээлүүдтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм. Гэвч зотон, тосонгоор урласан нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнийг нь нэмэгдүүлнэ.
Европын үймээн самууны үеэр уг зургийг 1809 онд Вена хотыг Франц эзлэн авах үеэр Наполеоны цэргүүд дээрэмдэж, Парис руу аваачжээ.
Улмаар 1815 онд Вена руу буцаж ирсэн бөгөөд Английн Вилтшир дэх Ванны дөрөвдүгээр Маркес Жон Александр Тинний хувийн цуглуулгад багтсан. 1995 онд Тиннийн Лонглит хот дахь гэрээс хулгайлагдаж, долоон жилийн турш ор сураггүй алга болсон ч Лондонгийн автобусны буудлаас урлагийн мөрдөгч Чарльз Хилл олсон түүхтэй.
"Энэ бол язгууртнууд, хамба лам нар, эзэн хаад нарын өөрийн байлгахыг хүссэн уран зураг. Ертөнц дэх гэр бүлийн хайр сэтгэлийн тод дүрслэлийг харуулсан уг бүтээлийн үнэ цэн улам бүр нэмэгдэнэ" гэж "Christie's" дуудлага худалдааны газрын мэдэгдэлд дурджээ.
Уг бүтээл нь Фламандын зураач Жерард Дэвидийн 1510 онд зурсан тосон зураг бөгөөд одоо Вашингтон ДС дахь Үндэсний урлагийн галерейд хадгалагдаж буй "The Rest on the Flight to the Egypt"-тэй ижил төстэй сонгодог, сэргэн мандалтын үеийн сод бүтээл бүтээл юм. Уг зургийг долдугаар сарын 2-нд Лондон арилжина.
Л.Сайнаа