Баримт 1
УИХ-ын гишүүн Цэдэвийн Сэргэлэн. Тэрбээр 1966 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төржээ. УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургууль, НАХЯ-ны Цэргийн дээд сургууль, Команд штабын институт, ОХУ-ын холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, Хилийн албаны оператив тактик, оператив тактикч-команд штаб, цэргийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор.
Баримт 3
Ажлын гараагаа 1989 онд Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын ББС-ийн орлогчоор эхэлж, заставын дарга болж 1991 он хүртэл ажиллажээ. Цэргийн алба хашсаар ирсэн тэрбээр 2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар томилогдсон байна. Мөн 2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч хийж байгаад 2013 оноос гадны хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компанийг удирдах болжээ. Ц.Сэргэлэн тус компанийн захирлаар гурван жил ажиллаж байгаад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн албыг 2020 он хүртэл хашсан.
Баримт 4
Мөн ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байгаад Улс төр рүү орсон. Хилчний амьдралдаа цэг тавьж, улс төрийн карьер эхлүүлсэн гэж хэлж болох юм.
Баримт 5
Амьдралынхаа 30 шахам жилийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зориулсан түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход нь гайхаж хүлээн авсан нь цөөнгүй.
Баримт 6
Намынх нь бусад гишүүдтэй харьцуулахад Засгийн газрын тусгай сантай нэр холбогдсон асуудал байхгүй ч нүүрсний хэрэгт хавчуулагдаж, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зарласан алдарт 17 хулгайчийн тоог нэмж, дуулиан тарьсан удаатай.
Баримт 7
Эл асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Надад бусдаас илүүрхээд байх хөрөнгө мөнгө ч байхгүй. Нэр зарласантай холбогдуулаад хүн юм болохоор бодож байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байх юм. Би улс төрд удаан яваагүй болохоор сайн мэдэхгүй. Нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж, сонгуульд ялсан нь үнэн. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу, улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэдэг хар төрж байна" хэмээж байв.
Баримт 8
Удалгүй АТГ нь бууж өгсөн үү, аль эсвэл Ц.Сэргэлэн гишүүнд хамаатуулах зүйл олдоогүй юу удалгүй мань хүн нүүрсний хэрэгт холбогдолгүй болж, мултарсан.
Баримт 9
Хэдийгээр нүүрсний хэрэг нь ийн хэрэгсэхгүй болсон ч дахин нэг дуулиан дэгдсэн нь УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдэгдэл юм. Учир нь, сайд Х.Болорчулуун АТГ-т шалгуулах болсноо “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүний матааснаас болсон” гэж тайлбарласнаас эхлэлтэй.
Баримт 10
Энэ талаар сайд Х.Болорчулуун “О.Цэрэнтогтох гэж залуу сошиал дээр гарсан мэдээллийг цуглуулж байгаад намайг АТГ-т өглөө гэсэн. Надад бол хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Тэр хүн бол өнгөц, цаана нь бохир улстөрч байгаа. Өөр шигээ намайг бодож байгаа байхгүй юу. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж тэр нэрсэд оруулсан гэж хардаад байгаа. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын хүнтэй наалдаж ирсэн бохир улстөрч, төрөөс төрсөн тэрбумтан. Өөр шигээ бодож сэтгэж байхгүй юу” гэсэн нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хаягласан үг гэж хүлээн авсан хүн олон.
Баримт 11
Хэдийгээр тэд МАН-аас нэр дэвшсэн угшил нэгтэй, мөн Дорнод аймгийн хоёр мандат дээр өрсөлдөөд ялалт байгуулсан боловч бие, биедээ таарамжгүй хандаж ирсэн байдаг. Ямар шалтгааны улмаас биенийхээ “бөгс”-ийг ухдаг ажилтай болгосныг олон хүн таах гэж хичээдэг ч мухарддаг нь олонтаа.
Баримт 12
Нүүрсний хэрэгт нэр холбогдсон даруйдаа хөрөнгө мөнгөгүйгээ зарласан Ц.Сэргэлэн гишүүнийг сайд Х.Болорчулуун “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж мэдэгдсэн.
Баримт 13
Харин АТГ-т гаргаж өгсөн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол, өөрийн орлого жилийнх нь 67, 5 сая бол гэр бүлийнх нь орлого 41 сая, нэг орон сууц, нэг гэртэй. Нийт дүнгээрээ энэ нь 354 сая төгрөгийн үнэлгээтэй.
Баримт 14
Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 автомашинтай. Автомашинаа 212 сая төгрөгөөр үнэлжээ. 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 11 сая төгрөгтэй.
Баримт 15
Газар байхгүй, мал аж ахуй байхгүй, автомашины граж байхгүй. Харин Ихэр Оюу ХХК-д 100 ш хувьцаатай аж.
Баримт 16
Тэрбээр нүүрсний хулгайд сэрдэгдсэн даруйдаа ард иргэдээс ирж буй хууль бус үйлдлүүдтэй холбоотой олон асуудлаар шүгэл үлээнэ гэж мэдэгдсэн ч таг дуугүй болсон.
Баримт 17
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нь нүүрсний хэрэгт нэр холбогдсон бусад гишүүд болох Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарын хамтаар 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Баримт 18
Төсөлд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тусгасан байдаг.
Баримт 19
Мөн тус хуулиас гадна Монгол Улсын Гаалийн тухай хуульд гар бие оролцон ажилласан.
Баримт 20
Энэ парламентад тэрбээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан юм.
Баримт 21
Түүнийг ХХЕГ-ын дарга байхдаа 100 тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлээгүй хэмээн Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдээлсэн байдаг. Тухайлбал, өөрийн эзэмшлийн компани, 100 орчим тэрбум төгрөгийн орлогоо мэдүүлэлгүй нуусан аж.
Баримт 22
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх үеэр тэрбээр "Оюутнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн байна. Энэ хууль нийгмийн эмнэлэгт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож байгаа учраас би дэмжиж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Баримт 23
Түүнийг Н.Энхбаярын төрүүлсэн генералуудын нэг хэдий ч өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дотно нэгэн гэдэг.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
Сэтгэгдэл (4)