Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрт эрхээ авсан тамирчдыг албан ёсоор баталгаажуулж зарлав. Хамгийн олон тамирчин өрсөлдөх нь эмэгтэйчүүдийн 48 кг байна. Энэ жинд 30 тамирчин өрсөлдөх юм. Жүдо бөх бусад спортын төрлийг бодвол цуглуулсан чансааны оноогоороо олимпод оролцож болдог.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглох сурагтай.
Эндээс хүмүүсийн ойлгохгүй байгаа нэг асуудал байсаар байгаа нь эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү явах болсон нь юм. Тэрбээр олимпын нүүр үзсэн, олон ч удаа биднийг баярлуулсан жүдоч. Гэхдээ уг жинд түүнтэй ижил тэнцүүхэн үздэг, дэлхийн чансааны гуравт, түүний дээр бичигдэж байгаа Б.Эрхэмбаяр яагаад олимпод явахааргүй болов?
Ё.Басхүүгийн хувьд түүний дор буюу дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Уг шугамандаа хэн илүү байгаа нь Парис явах учиртай сан. Ингээд бодохоор Б.Эрхэмбаяр юуны төлөө дөрвөн жил дэлхийн дэвжээнд хамаг бүхнээ шавхаж оноо түүсэн хэрэг вэ?
Б.Эрхэмбаяр одоо 28 настай. Түүнд дараагийн олимпын наадамд оролцох тавилан байгаа эсэхийг бурхан л мэдэх биз. Бурхан мэдсэн ч 32 нас гэдэг их спортод ахдана. Бэртэл авсан бол дуулдах учиртай. Нөгөө талд Ё.Басхүү 30 настай, дэлхийн чансаа тавдугаарт буюу Б.Эрхэмбаяраас хоёр доошоо бичигдэж байна. Түүний хувьд ч ялгаагүй сүүлийн олимп байх болно. Гэвч хэн илүү нь л Парис явах учир бийг сануулах үүднээс үүнийг бичив.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөх гэнэ. Бусад жингийнхний чансааны оноо олимпод оролцох хэмжээнд өндөр биш.
Монголчуудын найдвар тавьдаг -73 кг-д 2022 оны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын наадмыг өнжиж байгаа тул ОУХМ Б.Эрдэнэбаяр олимпод явахаар болжээ.
Л.Сая
Сэтгэгдэл (21)