Баримт 1
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир. Тэрбээр УИХ-д анх удаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр Нийслэлийн Багануур дүүргийн 66 дунд дугаар сургууль, Тэнгэр дээд сургууль, философич, нийгмийн ухааны багш, Удирдлагын академи, төрийн удирдлагын менежер, Удирдлагын академи, төрийн удирдлагын магистрийн зэрэгтэй.
Баримт 3
Ажлын гараагаа Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд мэргэжилтнээр эхлүүлж байжээ. Дараа нь Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн.
Баримт 4
Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэсэн тойргоос нэр дэвшиж, сонгогдож байв. Тухайн үед 48,6 хувийн саналаар ялж байжээ.
Баримт 5
Өрсөлдөгч нарынх нь зүгээс хэргээр шидсэн чулуу юу, эсвэл олны тодотгол уу, сонгуулийн сурталчилгааны үеэр “Зодоонч ирлээ” гэх яриа олонтаа гарсан нь Ц.Сандаг-Очирыг тодотгосон хэрэг байв.
Баримт 6
Тэрбээр Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа бусдыг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагад дуудагдан шалгуулж явсан аж.
Баримт 7
Мөн дээрх албыг хашиж байх үедээ дүүргийнхээ Газрын албаны даргатай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг Авлигатай тэмцэх газраас илрүүлэн хоёр жил шахам хугацаанд шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээр шүүхээр таслуулжээ.
Баримт 8
Шүүхээс түүний албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан аж. Энэ хэрэг явдал 2014 онд болсон.
Баримт 9
Харин МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаар дахин Багануур дүүргийн Засаг дарга болж, улмаар 2020 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж, хууль тогтоогч болжээ.
Баримт 10
УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа жил Б.Энхбаяр нарын гишүүдтэй хамтран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлжээ.
Баримт 11
УИХ-аар 2020 онд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Сандаг-Очир гишүүн “Алслагдсан гурван дүүрэг аймгуудтай яг адилхан. 256 бөх барилдаж, доод тал нь 100 гаруй морь уралддаг. Суманд бол 26-32 бөх барилддаг. Тийм болохоор алслагдсан дүүрэг аймгийн цол өгдөг байх заалтыг үлдээж өгөөрэй. 10 гаруй жил ийм байдлаар явж ирсэн” гэх асуудал хөндсөн нь шүүмжлэл дагуулж байв.
Баримт 12
Харин “Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албаныхан өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйгээд байх юм уу, үс гэзгээ өнгө, өнгөөр будаж, хумсаа ургуулж, сахал самбаа тавьчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учраас төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой. УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсаны дараа Засгийн газар журам гарган, энэ мэт асуудлыг журмална” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэх хэсэг бий.
Баримт 13
Засгийн газар 2020 онд Газрын ерөнхий хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхэлсний дараа Ц.Сандаг-Очир гишүүн "Шүүх дээр байгаа нийт хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой байгаа. Гэтэл нийслэлийн болон аймаг, сумын Засаг дарга нарыг газар олгохыг хориглож байна. Зөвхөн газрын алба л газар олгох юм байна. Аймгийн газрын албаны хэлтсийн дарга нар, мэргэжилтэн болон сумын газрын албаны хүмүүсийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас томилох нь. Өөрсдөө эрх мэдэл авах, төвлөрүүлэх ийм л зорилготой.
Баримт 14
Түүнээс биш газрынхаа үндсэн асуудлыг цэгцлэх зүйл орж ирээгүй байна. Нийслэл, аймгаас олгосон газрыг шууд хүчингүй болгодог эрхийг агентлаг дээр авах зүйл заалт яригдаж байна. Яагаад ийм зүйл хийв.Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэх зүйл Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байхад агентлагийнхан зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэх зүйл хийж байна. Ингэж болохгүй.
Баримт 15
Ашигт малтмалын тухай асуудлыг Газрын ерөнхий хуульд оруулж өгмөөр байна. Газрын маргаан таслах зөвлөл гээд татварын маргаан таслах зөвлөл шиг дамжлага болсон зүйл бий болох гээд байна гэдэг асуудлыг хөндөж байв. Гэвч Засгийн газар энэхүү төслөө буцаан татсан юм.
Баримт 16
Тэрбээр энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан юм.
Баримт 17
Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хуульд гар бие оролцон ажиллажээ.
Баримт 18
Англи хэлтэй.
Баримт 19
Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлдсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 48 сая, гэр бүлийн орлого 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 20
Мөн 511 сая төгрөгөөр үнэлэгдэх Авто граж - 1ш, Зуслангийн байшин - 1ш, Нийтийн орон сууц - 4ш байгаа аж. Үүнээс гадна 44 сая төгрөгөр үнэлэгдэх малтай. "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Скүти Майнд" ХХК-д тус бүр хувьцаа эзэмшдэг. Тээврийн хэрэгсэлгүй.
Баримт 21
Дотоодын дансанд 76 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 229 сая төгрөгийн өртэй аж.
Баримт 22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Ерөнхийлөгчид өөрт нь хариуцлага тооцох асуудлыг ярих цаг болсон юм биш үү. Магадгүй сарын дараа дараагийн Ерөнхийлөгч сонгогдоно гээд хүлээцтэй, тэвчээртэй байдлаар хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлүүдийг нь дуугүй, чимээгүй байдлаар тэвчээд өнгөрөөх ёстой юм уу" гэх асуудлыг хөндөж байв.
Баримт 23
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдаж, Засгийн газраас журам гаргасны дараа тэрбээр “Богино банзал өмссөн, сахал самбаагаа ургуулсан хүн төрийн үйлчилгээ үзүүлэхгүй болно” гэдэг мэдээллийг хийсэн нь шүүмжлэл дагуулсан.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшиж буй.
Сэтгэгдэл (3)