Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ОУХБХ-ны “FIFA FOOTBALL FOR SCHOOLS” хөтөлбөрийн хүрээнд манай улсын ерөнхий боловсролын сургуулиудын дунд өсвөрийн хөлбөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээн болж байна.
Тавдугаар шатны тэмцээн зургаадугаар сарын 10-20-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд охид, хөвгүүдийн U12, U14, U16 гэсэн гурван насны ангилалд өрсөлдөөн өрнөж байна.
Монгол Улсад олон улсын жишгийн дагуу нийтийн хөлбөмбөгийг өргөн цар хүрээнд хөгжүүлэх зорилготой уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, ивээлдээ авсан бөгөөд Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Энэ төслийг дөрвөн жил дараалан хэрэгжүүлэх юм.
Өнгөрсөн оны есдүгээр сараас анхан шатны тэмцээнийг зохион байгуулахад 30 мянган хүүхэд ур чадвараа сорин өрсөлдөж байсан бол өдгөө сүүлийн шатанд 61 багийн 900 орчим тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээнээс шигшээ баг бүрдүүлж, удахгүй болох Олон улсын хүүхдийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг нээн илрүүлнэ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.