АНУ-ын албаны хүмүүс Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгийг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээл олгох хэлэлцээрийг эцэслэхийн тулд цаг нартай уралдан ажиллаж байгаа нь энэ долоо хоногт Италид болох ерөнхийлөгч Жо Байдены "Их 7"-ийн удирдагчидтай хийх уулзалтын өмнөх нэн тэргүүний зорилт болоод байна.
Байдены засаг захиргаа "Их 7"-гийн гишүүн болох Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улсуудын удирдагчдыг уг төлөвлөгөөг Украинд нааштайгаар шийдэхэд гарын үсэг зурахыг ятгах кампанит ажлыг эхлүүлсэн байна.
Эцсийн зорилго нь ойрын өдрүүдэд санхүүжилтийн зарим нарийн ширийн зүйлийг тодруулж, энэ долоо хоногт "Их 7"-ын удирдагчдын мэдэгдлийн нэг хэсэг болгон хэлэлцээрийг зарлах болно гэж эх сурвалж хэлэв. Гэхдээ төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэлбэр, түүний дотор санхүүжилтийн тодорхой үүсвэр, эргэн төлөлтийн баталгаа гэх мэт асуултууд шийдэгдээгүй хэвээр байна.
АНУ-ын албаны хүмүүс Украины нөхцөл байдал хүнд байгаа нь ийм зээлийг яаралтай авах шаардлагатай гэж үзэхэд хүргэсэн. Албаны хүмүүсийн найдаж буй 50 тэрбум ам.долларын зээлийн багцын цаадах нарийн ширийн зүйлийг хараахан эцэслэн шийдээгүй байгаа ч "Их 7"-ийн орнууд цаг үеийн яаралтай тусламжийн талаар санал нэгдэх нь гарцаагүй гэж үзжээ.
Ийм төлөвлөгөөний ард дэлхийн хамгийн баян эдийн засагтай орнууд нэгдэж байгаа нь ОХУ-ын удирдагч Владимир Путинд АНУ болон түүний холбоотнууд Украиныг дэмжсээр байх болно гэсэн хатуу мессежийг илгээж байгаагаас ялгаагүй.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (44)