БНАСАУ суртал ухуулгын хуудас, хог хаягдал ачсан 90 баллоныг Өмнөдийн хилийн хоёр муж руу хаясан нь хоёр долоо хоногийн өмнөх үйл явдал юм. Үүний хариуд Өмнөд Солонгосын идэвхтнүүд К-поп, К-драма бүхий хөвөгч илгээмжийг Хойд Солонгос руу илгээсний дараа Хойд Солонгос дахин олон зуун хогийн бөмбөлөгүүдийг тэдэн рүү илгээсэн байна.
Бямба гаргийн оройноос эхлэн Хойд Солонгос 330 орчим ууттай хогийн бөмбөлөг илгээснээс 80 орчим нь Өмнөд Солонгост газардсан гэж ням гарагт мэдэгдэв.
Уг бөмбөлгүүдээс хаягдал цаас, хуванцар илэрсэн бөгөөд аюултай бодис байхгүй гэж JCS мэдэгдлээ. Тавдугаар сарын 28-наас хойш Умардаас 1060 орчим бөмбөлөг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж CNN мэдээлэв. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ням гарагт яаралтай хуралдаж, агаарын бөмбөлгийн давалгааны хариу арга хэмжээний талаар хэлэлцэв.
Өнгөрсөн долоо хоногт Пхеньян хөрш рүүгээ 15 тонн хог ачсан нийт 3500 агаарын бөмбөлөг илгээсний 10 гаруй нь л байндаа тусжээ. Өмнөд Солонгосын арми орон нутгийн цагаар ням гарагийн үдээс хойш Хойд Солонгос руу чанга яригч ашиглан хариу өгсөн гэж JCS мэдээлэв. Өмнөд Солонгосын арми 2018 онд хөрш орнуудын хооронд болсон дээд хэмжээний уулзалтын дараа техник хэрэгслээ эргүүлэн татах хүртлээ Умардын эсрэг сэтгэл зүйн дайны нэг хэсэг болгон суртал ухуулгын нэвтрүүлгүүдийг дэмжиж байсан удаатай.
Кёнги, Канвон мужаас голчлон олдсон бөмбөлгүүдэд холбогдох байгууллагууд шинжилгээ хийж байна. Хойд болон Өмнөд Солонгос 1950-иад оны Солонгосын дайнаас хойш суртал ухуулгын кампанит ажилдаа бөмбөлөг ашиглаж ирсэн.
Л.Сайнаа