Баримт 1
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Тэрбээр 1963 онд Улаанбаатар хотод төржээ. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургуулийг 1979 онд төгссөн тэрбээр 1983 онд Омск хотын Технологийн техникумыг фото зураг, 1990 онд Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэжээ.
Баримт 3
Ажлын гараагаа Монгол Радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборантаар эхлүүлжээ. Улмаар 1990-2003 оныг хүртэл Монголын үндэсний телевизэд редактороос ахлах, хариуцлагатай болон дэвшиж, “ММ" агентлагийн ерөнхий редактор, захирлаар ажилласан байна. 2003 онд тэрбээр ТВ5 телевизийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллах болжээ.
Баримт 4
Энэ үедээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр 2005 онд сонгогдож, 2011 оныг хүртэл уг албан тушаалыг хашсан байдаг.
Баримт 5
МНСЭ-ийн ерөнхийлөгчийн албанаас буусан тэрбээр МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. 2012 оны сонгуулиар тогтолцооны дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч ар гэрийн шалтгаанаар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байв.
Баримт 6
Тэрбээр өргөдөлдөө “У.Хүрэлсүх миний бие 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Миний гэр бүлийн хүний /эхнэр/ эрүүл мэндийн байдал хүнд, цаашид дотоод гадаадад урт хугацаанд эмчлүүлэх, асрамжлан хамгаалах зайлшгүй шаардлага, амьдралын гачигдал гарсан тул УИХ-ын гишүүний үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэснийг УИХ-аас ёсоор болгож байлаа.
Баримт 7
Түүний оронд намын жагсаалтын 10 дугаарт бичигдсэн Д.Сарангэрэл анх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахаар болсон юм. Тэрбээр “Эмэгтэй хүнийхээ хувьд хатуу улс төрийг зөөллөх, нийгмийн чиглэлийн асуудалд түлхүү анхаарах зэрэг бүсгүй хүний оролцоо шаардлагатай асуудал, нөхцөл байдал хааяа үүсдэг. Сонгогчид маань итгэл даах хүн гэж сонгосон болохоор зүтгэл гарган ажиллахыг хичээдэг. Тэгэхээр сонгогдсон гишүүний үүрэг нэн чухал. Харин манлайлагч байх нь өмнөх ажлаа сайн хийх, залхуурч хойш суулгүй идэвхтэй ажиллах тухай ойлголт гэж бодож байна” хэмээн ярьсан байдаг.
Баримт 8
Д.Сарангэрэлийн хувьд 2016 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны дараа тэрбээр Эрүүл мэндийн сайд болон дэвшсэн юм. Түүнийг сайдаар томилогдох үеэр мэргэжлийн бус хүн боллоо гэсэн шүүмжлэл багагүй явсан байдаг.
Баримт 9
2019 оны аравдугаар сард МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох хурал Тусгаар тогтнолын ордонд болж байлаа. Энэ үеэр намын дүрмийн дагуу Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд тэрбээр даргаар сонгогдсон.
Баримт 10
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй харилцсан хувийн чатыг хакердаж, олон сая төгрөг нэхэмжилсэн тухай тэрбээр мэдэгдэж байв.
Баримт 11
Харин Д.Сарангэрэлийг сайдаар ажиллах үед урд хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарч, дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын төвшинд хүрч, Монгол Улсад ч бүртгэгдэх болсон юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, түүний харьяа эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.
Баримт 12
Тухайн үед буюу 2020 оны арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдаж, Covid-19 –ын халдвар авсан төрөөд удаагүй ээжийг гэрийн халад, шаахайтай нь хөхөө өвлийн хүйтнээр машинд суулгасан үйлдэл гарч, Засгийн газар танхимаараа огцорсноор Д.Сарангэрэл гишүүн дан дээлтэй болсон.
Баримт 13
Цар тахлын үед нэг хүнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэх шүүмжлэл ч түүнийг дагадаг.
Баримт 14
Удалгүй хоёр жилийн дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болж, ажлаа хүлээн аваад байсан ч амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдээ “Ул”-ны айл гэж хэлснээс болж, огцорсон.
Баримт 15
“Улны” гэх зүй зохисгүй үг хэрэглэснээ ч хэргийн эзэн хүлээж, ард түмнээс уучлал гуйсан.
Баримт 16
Гэвч сайдаас буусандаа шаралхсан уу, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд П.Зуплахар оролцсон УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улны айл гэдэг үг, Д.Сарангэрэл хоёр яамнаас явчихсан. Гэхдээ айл нь үлдсэн. Одоо битгий эмзэглэ. Харин ч баярлах ёстой. Энэ үгийг яамныхан 2008 оноос хойш хэрэглэж ирсэн. Хэд хэдэн судалгаан дээр ч хэрэглэсэн” гэж хэлсэн нь дуулиан дэгдээж, “Төрийн хатан ууртай байна” гэхчлэн олныг шуугиулсан юм.
Баримт 17
Гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа эмэгтэй гишүүдийн хамтаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан.
Баримт 18
2020 онд Д.Сарангэрэл гишүүнийг “Төрийн хатан эрдэнэ” хэмээн өргөмжилснөөс хойш олон нийт түүнийг “Хатан ижий” хэмээн нэрлэх болжээ. “Хатан ижий” гэдэг нь хэдийгээр ёжилж ноолох замаар хэрэглэгдэж байгаа ч их хувь заяа мэт. Тэрбээр цар тахал ид дэгдэж байхад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж, чамгүй амжилттай байсан учраас УИХ-ын дарга, түүний Тамгын газраас ийн өргөмжилсөн хэрэг.
Баримт 19
Цар тахлын үеийн төсөв зардлаас халаасласан, МАН-ыг санхүүжүүлсэн, Дорнодын талд том фермер байгуулсан, нүүдлийн эмнэлэг лаборатори будилуулсан гэх мэтээр хэвлэл мэдээллээр цоллуулах нь бий. Харин дээрх асуудлуудад мэдэгдэл гэргэж, мэдээлэл хийгээгүй.
Баримт 20
Тэрбээр энэ парламентад Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажилладаг.
Баримт 21
Англи, Орос хэлтэй.
Баримт 22
Авлигатай тэмцэх газарт 2022 онд хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 44 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 2 тэрбум төгрөг хэмээн мэдүүлжээ. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц 1, үйлчилгээний зориулалттай хоёр байшинтай.
Баримт 23
Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК зэрэг зургаан компаниас хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн байна.
Баримт 24
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй.
Сэтгэгдэл (14)