Зургаадугаар сарын өрнийн зурхайг танилцуулж байна.
Хонь
Зургаадугаар сард хонины ордныхны ажил үйлс, карьер маш амжилттай байж, олон гайхалтай боломжуудтай учрах бөгөөд тэр дундаа нийгмийн сүлжээтэй холбоотой бизнес эрхэлдэг хүмүүст таатай үе тохионо. Энэ сарын 6-ны өдөр шинэ сар ихрийн ордод гарна. Аливаа шинэ ажил, төслийг шинэ сар гарах үеэр эхлүүлбэл үр өгөөж өндөртэй, санасан бодсон зүйл саадгүй бүтэх хандлагатай байдаг учир удаан хугацааны турш төлөвлөж байсан үйл хэргийнхээ суурийг тавьж өгвөл зохистой.
Харин 17-ны өдөр Сугар гараг мэлхийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр гэр бүлийн дотоод уур амьсгал болон үр хүүхдээ анхаарч, хамтдаа цагийг өнгөрүүлж, гэртээ зориулж худалдан авалт хийвэл тохиромжтой. Цаашлаад зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхэлж үр хүүхэдтэй хонины ордныхон тэднийхээ боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд гээд бүхий л зүйлд нь анхаарал хандуулах шаардлагатай үе тохионо. Сарын сүүлээр буюу 29-ний өдөр Санчир гараг шилжих хөдөлгөөн хийх үеэр хол газар аялахдаа анхааралтай байж, гэмтэл бэртэлд өртөхөөс болгоомжил. Хэрэв удаан хугацааны турш санааг тань зовоож байсан эрүүл мэндийн асуудал байдаг бол үүнийгээ яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Эс бөгөөс хүндээр өвдөх, эрүүл мэндтэй холбоотой гэнэтийн зарлага гарч болзошгүй. Мөн энэ сар ажил төрөл, гэр бүлдээ зарцуулах цагаа тэнцвэржүүлж, аль нэгийг нь орхигдуулахгүй байхыг хичээгээрэй.
Үхэр
Зургаадугаар сарын 6-ны өдөр шинэ сар гарахад санхүүгийн байдалдаа анхаарлаа хандуулж, үрлэг зарлагаа нягт нямбай тооцоолох шаардлагатай. 9-ний өдөр Ангараг гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр эрч хүч, энерги тань ундарч, удаан хугацааны турш алдсан байсан цог золбоогоо эргүүлэн олж авах болно. Иймд дасгал хөдөлгөөн, йог, фитнесээр хичээллэж энергиэ гадагшлуулбал зохистой. Нөгөөтээгүүр гэмтэл бэртлээс болгоомжилж, элдэв цуурхлаас хол байхыг хичээгээрэй.
Сарын дунд үеэр романтик харилцаа холбоо идэвхжиж ганц бие үхрийн ордныхон шинэ хүнтэй учирч, болзох боломжтой. 17-ний өдөр Сугар гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөлтэй холбоотой үйл хэрэг идэвхжиж, үүнээс улбаалан гэнэтийн аялал, томилолтоор явж болзошгүй. Мөн энэ үеэр гэр бүл, ах дүүстэйгээ харилцаа холбоотой байж, ярилцах хэрэгтэй. Бүтэн сар 19-ний өдөр гарснаар сургууль соёл, гадаад улстай холбоотой асуудлуудын гарц гаргалаа түргэн олдож, олон гайхалтай боломжуудын үүд хаалгыг олж нээсэн эерэг үе тохионо. Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр танд завгүй амьдралын хэв маягаасаа түр амсхийх боломж олдоно. Гэвч Санчир гараг нь өөрөө маш хүнд энергитэй тул энэ нь эргээд танд ажил төрөл, карьер дээрээ яг ямар өөрчлөлтийг хийх хэрэгтэй вэ гэдгийг тань ойлгуулна. Мөн олж хараагүй байсан ашигтай боломжуудыг энэ үеэр та өөрийн болгох боломжтой.
Ихэр
Зургаадугаар сарын 3-ны өдөр Буд гараг таны ордод буюу ихрийн ордод ирснээр албан тушаал дэвших, шинэ ажлын санал орж ирэх зэрэг гэнэтийн азтай явдлууд тохиолдох болно. Энэ сарын эхний долоо хоногт өөртөө илүү итгэлтэй байж, зоримог шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Харин 9-ний өдөр Ангараг гарах үхрийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил төрөл дээр тань эерэг боломжууд үүсэж эхэлнэ. Ихрийн ордныхны дотоод сэтгэлзүй, оюун санаанд гэнэтийн сэрэлт явагдаж юмсыг арай өөр өнцгөөс харж эхлэх болно. Сарын дунд үеэс маш олон ажлуудыг зэрэг хийх шаардлагатай нүүр тулах хэдий ч хийж буй ажлаа олон дахин нягталж, шалгаарай. Сугар гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр бусдад санаа тавих хүсэл тань нэмэгдэж, илүү зөөлөн зан ааштай болж эхэлнэ. Мөн ямар нэгэн бизнес, төсөлд хөрөнгө оруулбал таатай.
Зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхэлж гэр бүлдээ илүү их цагийг зарцуулах хэрэгтэй ба үүний зэрэгцээ санхүүгийн байдлаа нягталж, үрлэг зарлагаа хянаж, аливаа зүйлд тооцоотой хандаарай. Матрын ордод сар битүүрэх үеэр дотоод сэтгэлзүйн асуудлууд тань нэг тийшээ шийдэгдэж, санхүүгийн байдал тань дээшилнэ. Цаашлаад яг ямар шийдвэр гаргавал санхүү болон ажил төрөл тань илүү сайжирч, ахиц дэвшил гарах вэ гэдгийг олж харах болно. Сарын сүүл үеэр ажил үйлс дээрээ анхаарсан, энгийн үеэсээ хэд дахин илүү хөдөлмөрлөсөн, чадвараа сорьсон чухал үеийг туулах магадлалтай.
Мэлхий
Энэ сарын эхээр таны зөв совин сайжирч, оюун санаа, итгэл үнэмшил, дотоод сэтгэлд тань өөрчлөлтүүд явагдаж, томоохон айдсаа даван туулна. Ингэснээр мэлхийн ордныхон олон шинэ боломжуудыг олж харж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, дахин шинээр төрсөн мэт мэдрэмжийг авах болно. Гаднын улс орон руу аялах, сургууль соёлд явах зэрэг боломжууд нээлттэй байгаа ч бичиг баримтаа хаях, үнэт зүйлсээ гээх зэргээс болгоомжил. Зургаадугаар сарын 9-ний өдөр Ангараг гараг шилжих хөдөлгөөн хийснээр найз нөхдийн хүрээлэл, харилцаа холбоо дээрээ анхаарах шаардлагатай нүүр тулна. Энэ үеэр өөрийгөө бусдаас илүү гэж бодож, бардамнах хэрэггүй. Та энэ зангаасаа болж хэн нэгэнтэй муудалцах, зөрчилдөх, үл ойлголцох боломжтой ба энэхүү энерги нь зургаадугаар сарыг дуустал үргэлжлэх болно гэдгийг анхаарна уу.
Сарын дунд үеэс бусадтай харилцах харилцаа тань харьцангуй эерэг, тэнцвэртэй болж эхлэх боловч үр хүүхэдтэй мэлхийн ордныхон хүүхэдтэйгээ харилцахдаа маш анхаарал болгоомжтой байж, тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Нөгөөтээгүүр шинэ зүйл худалдаж авах, гоо сайхны хагалгаанд орох зэргээр өөрийгөө тордож, баярлуулбал тохиромжтой. 20-ны өдөр нар таны ордод буюу мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр эрч хүч, энерги тань нэмэгдэж, тулгараад байсан олон асуудлууд намжиж эхлэх болно. Сарын сүүлээр хүнд ачаалалтай байсан үеүд өнгөрч, удаан хугацааны турш хийж байсан ажлынхаа үр шимийг хүртэж, мөн хэн таны жинхэнэ найз, хэн зүгээр л дүр эсгэж байна вэ гэдгийг таньсан эерэг цаг үе тохиох болно.
Арслан
Зургаадугаар сарын эхээр Тэнгэрийн ван болон Бархасбадь гараг таны ордод эерэг холбоосуудыг үүсгэж өгснөөр санхүүгийн үүд хаалга тань нээгдэх болно. Энэ үеэр хөрөнгө оруулагч, бизнес хамтрагч гэх зэрэг нөлөө бүхий хүнтэй учрах бүрэн боломжтой ба чухал уулзалт, хурал зөвлөгөөн, гэрээ хэлэлцээрийг төлөвлөхөд нэн тохиромжтой. Харин 9-ний өдөр Ангараг гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил дээрээ маш амбицтай болж, карьер дээрээ зоригтой алхмуудыг хийж, шинэлэг санаа, төлөвлөгөөнүүдийг боловсруулж, үүнийхээ үр шимийг хүртэж эхэлнэ.
Цаашлаад Сугар гараг мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр арслангийн ордныхон алжаал ядаргаагаа тайлж, ойрын аялалд гарах боломжтой. Гэвч үүнээс шалтгаалан их хэмжээний зарлага гарах, ашиггүй худалдан авалт хийх, эд юмсаа гээх магадлалтай. Сарын дунд үеэр та бусдаас өөрийгөө тусгаарлаж, ихэвчлэн ганцаараа байхыг эрмэлзэж магадгүй учир энэ үеэр хийж дуусгаагүй ажлуудаа эргэн харж, хэтийн төлөвлөгөөгөө гаргаж, ирээдүйн ажлууддаа эртнээс биеэ бэлдэж эхэлбэл таатай. Зургаадугаар сарын 21-нд сар битүүрэх үеэр архи дарснаас хол байж, хорт муу зуршлуудаасаа салахыг хичээгээрэй. Мөн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө тордож, эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Сарын сүүлээр та сэтгэлзүйн асуудлууд, стресс, айдсаасаа салсан сайхан өдрүүдийг туулах шинжтэй байна
Охин
Зургаадугаар сарын 6-ны өдөр шинэ сар ихрийн ордод гарснаар шинэ ажил, төслийг эхлүүлбэл маш таатай байх болно. Энэ үеэр зоримог, азаа туршсан үйлдлүүдийг хийвэл эерэг боломжууд нээгдэж эхэлнэ. Нөгөөтээгүүр эрүүл мэндээ анхаарч, өөрийгөө аль болох амрааж, ойрын аялалд гарвал тохиромжтой. Сугар гараг байршлаа сольж мэлхийн орд руу ирэх үеэр охины ордныхны харилцаа холбоо идэвхжиж, найз нөхөдтэйгөө уулзах боломж бүрэн нээлттэй болно. Мөн ганц бие хүмүүсийн хувьд нийгмийн сүлжээгээр дамжуулан шинэ хүнтэй болзох, учрах магадлалтай.
Сарын дунд үеэр зүүд нойр, зөн совин тань нэмэгдэх ба энэ үеэр нойргүйдэх, сэтгэл санаа тавгүй болж, таагүй мэдрэмжүүдийг мэдэрч болзошгүй. 21-ний өдөр бүтэн сар матрын ордод гарснаар романтик харилцаа холбоо тань идэвхжиж эхэлнэ. Хэрэв гэр бүлтэй охины ордныхон үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол энэ үе маш таатай нөхцөлийг танд бүрдүүлж өгөх болно. Харин ганц бие хүмүүсийн хувьд болзоо, учралаар дүүрэн өдрүүдийг туулах хандлагатай байна. Цаашлаад сарын сүүлээр сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, өөрийнхөө дотоод хүнийг сайтар сонсоорой. 29-ний өдөр Санчир гараг загасны орд руу ухрах хөдөлгөөн хийх үеэр харилцаа холбоо дээрээ маш болгоомжтой хандаж, хэн нэгэнтэй зөрчилдөх, маргалдахаас зайлсхий. Мөн хуучны танил, өмнө нь болзож байсан хүмүүс эргэн амьдралд тань гарч ирэх магадлалтай ч аливаа ухрах хөдөлгөөний үеэр учирсан хүмүүс танд тийм ч таатай нөлөөлөл үзүүлдэггүй гэдгийг мартуузай.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон зургаадугаар сард өөрөө өөртөө итгэх итгэлээр дүүрэн, амьдралыг илүү томоор харсан, сэтгэл зүйн асуудлуудаасаа салсан эерэг өдрүүдийг туулах болно. Ажил төрөл дээрээ илүү зоримог шийдвэрүүдийг гаргаж эхлэх ба улмаар тушаал дэвших, магтаал сонсох өндөр боломжтой. Энэ сарын 6-ны өдөр шинэ сар гарах үеэр сургууль соёлд орох, аяллаар явах, гаднын улс оронд очиж амьдрах зэрэг үйл хэргүүд идэвхтэй болж эхэлнэ. Сарын дунд үеэс та хийж буй ажилдаа илүү дуртай болж, ухаалаг шийдвэрүүдийг гаргаж эхлэхийн зэрэгцээ хууль, улсын байгууллагатай холбоотой бичиг цаасны ажлууд гарч ирэх боломжтой.
Зургаадугаар сарын 20-нд нар байршлаа солин мэлхийн ордод ирснээр байр суурь тань тогтворжиж, ажил төрөл тань амжилттай бүтэж эхлэх боловч дээд албан тушаалтан, дарга, бизнес хамтрагчтайгаа үл ойлголцож магадгүй учир бардам зандаа баригдаж, зохисгүй зан ааш гаргахаас болгоомжлоорой. Цаашлаад гэр бүл, орон байртай холбоотой асуудлууд шийдэгдэж, гэр бүлийн дотоод уур амьсгал халуун дулаан болж ирнэ. Сарын сүүлээр Санчир гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр овоорсон байсан их ажлууд бага ч болтугай хөнгөрч, танд амьсгаа авах боломжийг олгох болно.
Хилэнц
Зургаадугаар сарын 2-ноос орон байраа зарах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эд юмсаа барьцаалан банкнаас зээл авахад нэн таатай үе тохионо. Буд гараг ихрийн орд руу ухрах хөдөлгөөн хийх үеэр гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд маш анхааралтай хандаж, ашиггүй худалдан авалт хийх, өр зээл тавих, хэт их зарлага гаргахаас болгоомжлоорой. Мөн бусадтай холбоотой хов жив сонсох боломжтой ч хэн нэгний ардуур худал ярих, бусдын нууцыг дэлгэх зэрэг үйлдэл хийхээс зайлсхий. Харин 9-ний өдөр Ангараг гараг үхрийн ордод ирснээр хэлж ярьж буй зүйлээ цэгнэж, бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ үеэр та маш зөрүүд, өөрийнхөөрөө байх гэж зүтгэх хандлагатай байгаа тул хэн нэгнийг гомдоох, үл ойлголцох магадлал өндөр байна.
Сарын дунд үеэс таны сэтгэл санаа тайвширч, мөнгө санхүүгийн байдал тань тогтворжиж, бусдад энэрэнгүй зөөлөн хандаж эхэлнэ. Цаашлаад нар байршлаа солин ихрийн ордод ирэх үеэр таны өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, ажил үйлс, карьер дээрээ ахиц гаргах бүрэн боломжтой байна. Сарын сүүлээр үр хүүхэдтэй хилэнцийн ордныхонд хүүхдийн сургууль соёл, нийгэмшилтэй холбоотой хариуцлагын асуудлууд тулгарах ч та саад бэрхшээлүүдийг хялбархан даван туулж чадна.
Нум
Зургаадугаар сарын 6-ны өдөр гэрээ хэлэлцээр, хурал зөвлөгөөн зохион байгуулбал маш амжилттай байх болно. Ангараг гараг байршлаа сольж үхрийн орд руу ирэх үед хойшлуулсан байсан ажил төрөл болон ар гэрийн асуудлуудтай нүүр тулах боловч үүнийгээ маш хялбархан, эерэг байдлаар шийдэж чадна. Мөн Ангараг гарагийн шилжих хөдөлгөөн нь танд ирж буй зургаадугаар сарыг маш эергээр даван туулахад тусална. Сарын дүнд үеэс эхэлж та нэлээд олон ажлуудыг зэрэг амжуулах шаардлагатай болох ба үүнээс шалтгаалан ядарч, сульдах магадлалтай учир хэт их ажиллахаас зайлсхийж, ажлаа эртнээс төлөвлөөрэй. Түүнчлэн гэр бүлийн харилцаа холбоо дээрээ анхаарч, нэгнээ хардах, хэт удирдах гэж оролдох, хэрүүл маргаан үүсгэхээс болгоомжлоорой. 20-ны өдрөөс эхэлж өөрийнхөө дотоод хүнтэй сайтар ярилцаж сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарвал зохистой.
Цаашлаад Буд гараг мэлхийн орд руу ухрах хөдөлгөөн хийснээр орон байр, үл хөдлөхтэй холбоотой бичиг цаасны ажлууд үүсэх боломжтой. Сарын сүүлээр санхүүтэй холбоотой өөрчлөлтүүд гарч ирэх бөгөөд энэ үеэр та цалин, мөнгөө хэрхэн зөв зарцуулж, удирдах талаар гэр бүлийн хүн болон дотнын хүмүүстэйгээ зөвшилдвөл эерэг үр дүн авчрах болно. Мөн гоо сайхны хагалгаанд орох, гадаад төрхөө өөрчлөх, мэс ажилбарт орох зэрэг үйл хэрэгт зургаадугаар сарын сүүл үе нэн тохиромжтой байна.
Матар
Энэ сарын эхээр матрын ордныхон өөрийгөө сорьсон, айдас, сэтгэлзүйн асуудлуудаа давсан эерэг үеийг туулах болно. Мөн шинэ ажлын санал орж ирэх, тушаал дэвших, бизнесээ өргөжүүлэх зэргээр мөнгө, санхүүтэй холбоотой гэнэтийн таатай өөрчлөлтүүд гарч ирнэ. Буд гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлийг олж харна. Тэр дундаа эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарлаа хандуулбал зохистой. Шинэ ажил, төслийг эхлүүлье гэж зорьж байвал зургаадугаар сарын 6-ны өдөр нэн тохиромжтой бөгөөд энэ үеэр сургалтад суух, олон хүнийг хамарсан уулзалт зохион байгуулах, гэр орондоо шинэ зүйл худалдаж авах зэрэгт мөн сайн.
Сарын дунд үеэс зоримог, шийдэмгий алхмуудыг хийж эхлэх ба үүнээс шалтгаалан өөртөө итгэх итгэл тань илүү нэмэгдэж, ухаалаг шийдвэрүүдийг гаргана. Түүнчлэн гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирч эхлэх бөгөөд хүмүүстэй уулзах, ярилцах, санал бодлоо хуваалцах үйл хэрэг идэвхтэй байна. Бүтэн сар таны ордод буюу матрын ордод гарах үеэр өөрийнхөө сул болон давуу талуудыг олж харж, удаан хугацааны турш танд тээг болж байсан асуудлуудын гарц гаргалгааг төвөггүйхэн олж чадна. Мөн энэ үеэр амьдралд тань сөргөөр нөлөөлдөг найз нөхөд, танил болон хэрэглэхээ больсон эд зүйлсээ хаявал зохистой.
Хумх
Зургаадугаар сарын эхээр өөрийгөө илэрхийлэх, өмгөөлөх, санаа бодлоо хэнээс ч айхгүйгээр бусадтай хуваалцах зан төлөв тань идэвхэжнэ. Энэ хэрээрээ ажил төрөл тань маш амжилттай бүтэж, санхүүгийн үүд хаалга тань нээгдэх болно. Харин Буд гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр үр хүүхдийнхээ боловсрол, нийгэмшилд анхаарал хандуулж, ойлголцож ярилцах шаардлагатай нүүр тулна. Энэ сарын 9-ний өдөр орон байраа өөрчлөх, шинээр тавилга худалдаж авах, нүүж суухад таатай үе тохионо. Сарын дунд үеэс эхэлж ажил үйлс, эрүүл мэнд, санхүүгийн асуудалдаа маш тооцоотой хандах үе ирнэ. Тухайлбал банк, өр ширтэй холбоотой ажлуудаа эртнээс нягталж, үрлэг зарлагаа танах шаардлагатай ба давхар өөрт оногдсон чухал ажлуудаа олон дахин нягталж, хийгээгүй үлдээсэн зүйлсээ эртхэн дуусгаарай.
Зургаадугаар сарын 20-ны өдөр нар мэлхийн орд руу байршлаа сольсноор хоол хүнс, ходоод гэдэстэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж болзошгүй учир эртнээс эрүүл мэндээ тордвол зохистой. Сарын сүүлээр нүднээс далд өрнөж байсан зүйлсийг олж мэдэх, хүмүүсийн нууцыг сонсох, худал хов живд өртөх өндөр магадлалтай учир анхааралтай байна уу. Зургаадугаар сарын 29-ний өдөр таны ордыг удирддаг Санчир гараг ухрах хөдөлгөөн хийх ба энэ үеэр та өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж авч, санхүүтэй холбоотой өр зээлийн асуудлуудаа нэг тийш шийдэж чадна.
Загас
Зургаадугаар сарын эхээр дотоод ертөнц, зүүд нойр, зөн совин тань идэвхжих ба энэ үеэр сул талуудаа засаж, хорт зуршлуудаасаа салбал тохиромжтой. Буд гараг ихрийн орд руу ухрах хөдөлгөөн хийх үеэр орон байр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг цаасны ажлууд цэгцэрч эхэлнэ. Мөн шинэ ажил эхлүүлэх, шинэ зүйл сурах зэрэг үйл хэрэг идэвхтэй байна. Харин аливаа зүйлийг хэтрүүлэн бодож өөрийгөө ядраах, сэтгэл санаагаар унахаас болгоомжлоорой.
Сарын дунд үеэс романтик харилцаа идэвхжиж, хосын харилцаа илт сайжирч, гэр бүлийн дотоод уур амьсгал халуун дулаан болж эхэлнэ. Ганц бие загасны ордныхны хувьд хэн нэгэнтэй учрах, болзох боломж бүрэн нээлттэй байна. Нар зургаадугаар сарын 20-ны өдөр мэлхийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр шинэ ажил, төсөл эхлүүлэх, сургууль соёлд орох гээд шинэ бүхний эхлэлийг тавихад таатай үе тохиох болно. Сарын сүүлээр Санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр таны сэтгэл санаа илүү тайван болж, цэгцрэхгүй удсан асуудлууд хялбархан шийдэгдэж, танд баяр баяслыг мэдрүүлнэ. Түүнчлэн хэн нэгэнтэй буруу ойлголцож, зөрчилдөж байсан бол энэ үеэр үл ойлголцлоо засаж, нөхөрлөлөө сэргээх бүрэн боломжтой байна.
Сэтгэгдэл (1)