Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри тэмцээн Улаанбаатар хотноо анх удаа болж, Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг түрүүллээ.
“Улаанбаатар Урбан фестиваль”-ийн хүрээнд зохион байгуулсан эл тэмцээнд Монгол, Хятад, Тайланд, Филиппин, Австри, Украйны найман баг өрсөлдөв. Манайн шигшээгийнхэн хэсэгтээ Филиппин, Монголынхоо U23 насны багийг хожиж, Украйнд хожигдсон.
Улмаар хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарч Тайландын шигшээтэй тоглож ялалт байгуулсан. Шөвгийн дөрөвт Хятадын 24 хүртэлх насны шигшээ багийг 15:14-өөр хожсоноор анх удаа гранпри тэмцээний финалд шалгарсан юм. Ингээд финалд хэсгийн тоглолтод хожигдсон Украйны шигшээтэй дахин тоглоход 18:17-гоор хожлоо. Ингэснээр анх удаа 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний аваргаар тодорчээ.
Мөн тэмцээний шилдэг тоглогчоор О.Хулан тодорсон юм.
Өнөөдөр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн анх удаа болно. Тус тэмцээнд Монголын гурван багаас гадна Хятадын “Бээжин”, Сербийн “Үб”, Нидерландын “Амстердам”, Японы “Үцүнояма”, “Сайтама”, АНУ-ын “Майами” зэрэг шилдэг 12 баг дөрвөн хэсэгт хуваагдах өрсөлдөх юм.