Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Баатар хангарьд” дэвжээний бөх, улсын аварга Д.Хадбаатарын хүү аймгийн өсөх, өрнөх начин Мягмарсүрэн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн заан Даваамөнхийн Баатархүү үзүүрлэв.
Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Азын соёмбо” групп, “Тамир Таун” ХХК, "Бөх Билэгт" дэвжээний бөх, аймгийн арслан С.Цогтбаатар нар шалгарлаа.
Наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан Э.Өлзийбаяр, аймгийн заан О.Төрбат, аймгийн өсөх начин О.Баярбаасан нар үлдэв.
Улсын начин Д.Жанчивдорж “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн өсөх, өрнөх начин Х.Мягмарсүрэнд, “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн өсөх начин О.Баярбаасанд тус тус гардууллаа.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Д.Жанчивдоржид МҮБХ болон үе тэнгийн бөхчүүд, “Увснуур” дэвжээний төлөөлөл, нутаг орны ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм.
Өнөөдөр 11:00 цагаас Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (1)