Мексикийн баруун хэсэгт орших Мичоакан мужийн Котижа хотын дарга эмэгтэйг Даваа гарагт буудан хөнөөсөн тухай сэрдхийлгэм мэдээлэл тарлаа. Уг үйл явдал өнгөрсөн ням гарагт болсон бөгөөд тус улс анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгосноос хэдхэн цагийн дараа үйлдэгдсэн нь тогтоогджээ.
Тодруулбал, Йоланда Санчес Фигуэроаг бие хамгаалагчтайгаа биеийн тамирын заалнаас гэр лүүгээ явж байх үед нь цагаан өнгийн фургон машинтай хүмүүс тэдэн рүү гал нээсэн гэж мужийн ерөнхий прокурор мэдэгдэв.
Санчес Фигуэроа болон түүний бие хамгаалагч хоёулаа эмнэлгийн тусламж авч чадсан ч шархаа даалгүй нас барсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн тул тодорхой мэдээлэл одоогоор үгүй.
Санчес Фигуэроагийн нас барсан нь Клаудиа Шеинбаум үнэмлэхүй ялалт байгуулж, Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болсноос хэдэн цагийн дараа гарсан нь улс төрийн шууд нөлөөлтэй гэдэг нь илт. Патриархын соёл, өргөн тархсан эмэгтэйчүүдийн хүчирхийллээрээ алдартай тус улсад ололт бий ч эсрэг үзэлтнүүд олон.
Зөвхөн Санчес Фигуэроа ч гэлтгүй саяын сонгуулийн нөлөөгөөр олон хүн амиа алдсан. Олон улсын шинжээчид Мексикийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан сонгууль гэж дүгнэсэн нь ч бий. Энэ үеэр улстөрчдийн эсрэг өргөн хүрээтэй хүчирхийлэл гарсан. Сонгуулийн сурталчилгааны үеэр олон арван улс төрийн нэр дэвшигч, өргөдөл гаргагчид сонгуулийн санал хураалтад нөлөөлөхийг оролдсон гэмт хэргийн бүлэглэлийн гарт амиа алдсан.
Мексик улс хүн амины хэрэг гаралтаараа дэлхийд дээгүүрт ордог. Эмэгтэйчүүдийн хувьд аюултай газар хэвээр, өдөр бүр 10 орчим эмэгтэй алагдаж байдаг гэсэн тоо баримт байдаг. Тус улсад 100 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон хэвээр байгаа бөгөөд тэдний хувь заяаг хэн ч тааж чаддаггүй. "Mexico Evalua" судалгааны төвийн мэдээлснээр 2022 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 95 орчим хувь нь илрээгүй байна.
Санчес Фигуэроа өмнө нь 2023 оны есдүгээр сард Запопан хотод барьцаалагдсан бөгөөд гурав хоногийн дараа суллагджээ. Гурван эрэгтэйг баривчилж, түүнийг хулгайлсан хэмээн буруутгажээ.
Л.Сайнаа