Баримт 1
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Тэрбээр 1973 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон улстөрч.
Баримт 2
Тэрбээр англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. МУИС-ийг 1994 онд дүүргэсэн нэгэн. Орлуучагч мэргэжилтэй тэрбээр 1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаас албаны дарга хүртэл дэвшин ажиллажээ.
Баримт 3
Төрийн албанд мэргэжилтнээс өгссөн Б.Пүрэвдорж, үндсэн ажлынхаа хажуугаар Ардчилсан намд элсэж, орон нутаг дахь үйл хэргийг нь сурталчилж, явсаар Ховд аймгийн АН-ын хорооны дарга болжээ. Түүнийг ингэж өсч, дэвших замыг нь засахад тухайн үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж голлох нөлөөтэй оролцсон гэдэг.
Баримт 4
Б.Пүрэвдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн нь хожим Ерөнхийлөгчийн албан тушаалд найман жил суусан Ц.Элбэгдорж хэмээдэг. Энэ нь ч батлагддаг юм. Улс төрд өрнөдөг энэ яриа Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012 оноос эхэлдэг. Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилсон үед тодордог юм.
Баримт 5
Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэний ч мэдэхгүй Б.Пүрэвдоржийг аймгийн Гаалийн байгууллагаас татаж, АН-ын Засгийн газрын голлох агентлагийн газрын даргаар томилуулсан нь энэ байлаа.
Баримт 6
Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагч албатай Б.Пүрэвдорж нэг л өдөр томорч, тодрон Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эртнээс хамааралтай явсан түүний хувьд Монгол Улс руу гаднын иргэн гарч, орох, нэвтрэх асуудалд гарын үсэг зурдаг томоохон албан тушаалд очжээ.
Баримт 7
Сонирхолтой нь, нутгийн ах, Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, гадаадын иргэнтэй холбоотой асуудлыг хариуцах болсон Б.Пүрэвдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хүнд суртал гаргана" гэх утга бүхий зүйлийг ярьсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.
Баримт 8
Уг шалтгааныг тэрбээр “1990-ээд оны үед Монгол Улсын харьяатаас гараад гадаадын иргэн болсон тэр хүмүүсийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахын тулд би телевизэд ярилцлага өгсөн юм. Харьяатын тухай хуулиар Монгол Улсын харьяатаас гарч гадаад орны иргэн болоход нэлээд өндөр шаардлагуудыг тавьдаг. Ерөнхийлөгчид өргөн барих хугацаа хүртэл нийтдээ гурван сарын хугацааг эрхээ сэргээлгэх гэж байгаа хүмүүс хүлээдэг” хэмээн тайлбарлаж байв.
Баримт 9
Гадаадын иргэн харьяатын даргаар ажиллаж асан Б.Пүрэвдорж гурван жил гаруйн хугацаанд ажиллаад өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байв. Түүнийг ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь эрхэлсэн албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн гэх үйлдэлтэй нь холбоотой. Тодруулбал, “Ховдын хөгжил” сангаас 350 сая төгрөг хувьдаа завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.
Баримт 10
Түүний ажлаа өгөх болсон шалтгаан хийгээд өөртэй нь холбоотой хуулийн байгууллагын шалгалтад хийсэн тайлбарыг тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж зохион байгуулж, УИХ-д нэр дэвшүүлэхээр сойсон хүн нь ийм асуудалд орооцолдсондныг хатуухан шүүмжилж, хэсэгтээ нам жим байхыг шаардсан гэдэг.
Баримт 11
Ийнхүү Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Б.Пүрэвдорж 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд Ховд аймгаас нэр дэвшин анх удаагаа сонгогдсон байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрт ногдсон таван минутын хүрээнд “шударга” ярьдаг Б.Пүрэвдорж гишүүн, бусад үед тийм байдаг уу гэвэл үгүй.
Баримт 12
Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамгийн “дорвитой” гэж хэлж болох ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөнджээ.
Баримт 13
Гэвч УИХ-ын гишүүнээр ажиллаад зогсохгүй Монголын махны холбоо гэх ТББ-ыг тэргүүлдэг нь Б.Пүрэвдорж гишүүний дээрх үйлдлийг албан тушаалаа ашиглах замаар салбарын сайдад нь дарамт үзүүлж байна гэсэн шүүмжлэлийг нийгэмд төрүүлсэн байдаг.
Баримт 14
Дахин 2020 онд УИХ-д сонгогдохдоо Ховд аймагтаа нэр дэвшиж, 43,09 хувийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.
Баримт 15
Тэрбээр Англи, Орос хэлтэй.
Баримт 16
2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 43 сая төгрөг, гэр бүлийн орлого 19 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Баримт 17
Мөн 460 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, 144 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, 570 автомашинтай аж.
Баримт 18
Тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-ийн 3216ш хувьцаа эзэмшдэг. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуу, 45 сая төгрөгийн үнэт эвлэлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Баримт 19
Тэрбээр энэ парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилласан.
Баримт 20
Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн тухай хуулиудад гар бие оролцож, санаачилсан.
Баримт 21
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр хаана л бол хаана “хадаастай” байдаг гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Тэр хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон найман гишүүний нэгээр тодорч байлаа.
Баримт 22
Мөн тэрбээр казино тоглосон хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, 2020 онд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа АН, МАН-ын бүлгийн дарга нар гадаад улсад казино тоглосон хэрэгт холбогдсон байдаг. Энэ дунд Б.Пүрэвдорж гишүүн багтсан юм. Хачирхалтай нь, нэр холбогдож, зургаар баталгаажсан гишүүд “Казиног сонирхож орсон, тоглоогүй” гэсэн тайлбар хэлж байсан юм.
Баримт 23
Тэрбээр өнгөрсөн онд өөрийнх нь хуулийг хүчингүй болгосон цэцийн асуудлыг хөндсөн байдаг. Тухайлбал, "Б.Пүрэвдоржийг гишүүнээс нь огцруулахыг хүссэн бололтой. Гишүүд иргэдийн төлөө зүтгэдэг. Цэц хууль бус шийдвэр гаргасан гэдэг итгэл үнэмшил надад бий. Би бол зуудаг нохой шиг хүн. Хэн нь дийлэхээ үзнэ" хэмээж байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө зуудаг нохой шиг хүн хэмээн тодорхойлсон.
Баримт 24
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хоёрдугаарт тойрогт Ховд аймгаас нэр дэвшинэ.
Сэтгэгдэл (2)