Хятадын аялал жуулчлалын академийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар эх газрын жуулчдын гадагшаа чиглэсэн аялалд хамгийн их очих дуртай газраар Макао шалгарчээ. Макао 83.49 оноо авснаар ийнхүү нэгдүгээрт жагссан бол Хонконг 81.77 оноогоор 7 дугаар байранд жагсчээ.
Хятадын эдгээр хоёр засаг захиргааны онцгой бүс нь эх газрын жуулчдын хувьд хилийн чанад дахь аялал гэж тооцогддог ба Хонконг, Макаогийн аялал жуулчлалын хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын үр дүн гарсан гэж үзсэн байна. Макаод энэ оны эхний улирлын байдлаар 8.88 сая жуулчин ирснээс 6.3 сая нь эх газрын жуулчид байв. Мөн Макаогийн засаг захиргаа энэ онд 33 сая жуулчин хүлээн авч, цар тахлын өмнөх хэмжээнд очино гэсэн хүлээлттэй байгаа аж.
Эх сурвалж: China Daily, Hong Kong Edition, 2024.06.03
Хонконгийн Cathay Pacific авиа компани зорчигчдын тоог цар тахлын өмнөх хэмжээнд хүргэхээр ажиллаж байна
Анх 1946 онд Австрали, Америкийн хоёр хөрөнгө оруулагч хамтран байгуулсан Cathay Pacific авиа компани нь дэлхийд танигдсан Хонконгийн хамгийн том авиа компани юм. Хувьцааны хувьд Swire group 45, Air China 30, Qatar Airways 9.9 хувийг тус тус эзэмшиж байна.
Ази, Европ, Африк, Америк тивийн 190 гаруй хот руу нислэг үйлддэг тус компаний энэ оны эхний улиралд хүлээн авсан зорчигчдын тоо цар тахлын өмнөх үеийн 80 хувьд хүрчээ.
Харин 2025 оны 1 дүгээр улирал гэхэд 100 хувьд хүрнэ гэсэн тооцоолол хийж буйг гүйцэтгэх захирал Рональд Лам мэдэгдлээ. Тус компани бусад авиа компаниуд шиг тийзний үнээ өсгөх бодлого баримтлаагүйн дүнд энэ оны эхний улирлын байдлаар сүүлийн 4 жилд анх удаа ашигтай ажилласан гэв. Мөн тэдний гол өрсөлдөгч Сингапурын агаарын тээврийн компанитай харьцуулахад зорчигчдын тоо илүү удаан сэргэсэн нь БНХАУ-ын цар тахлын хорио цээрийн дэглэмтэй холбоотой гэж дүгнэсэн байна.
Хонконг Сингапурыг бодвол бизнес хийхэд илүү таатай, мөн нээлттэй гэв
Хонконгийн Санхүүгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга (Шадар сайд) Пол Чэн АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Хонконгийн Засгийн газрыг төлөөлж АНУ-аас хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хоёр талын худалдааг дэмжих хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Тэрбээр Хонконгоор дамжин БНХАУ-аас гадна Хойд Азийн бүс нутгийн бүхий л орнуудтай бизнес хийхэд таатай болохыг онцлоод дэлхийн хүн амын талаас илүү хувьтай 5 цагийн дотор Хонконгоос шууд нислэгээр холбогдох боломжтойг дурдав. Түүнчлэн Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 32.1 их наяд хонконг доллар (5 их наяд ам. доллар орчим), Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 7.4 их наяд хонконг доллар (950 тэрбум орчим ам. доллар)-тай тус тус тэнцэж буйг тэмдэглэв.
Шэньжэнь хотод дронын хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэв
БНХАУ-ын Гуаньдун мужийн Шэньжэнь хотод нам өндөрт дронын хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгосноор “Meituan” компани хоол хүнс болон бусад барааг дроноор хүргэж эхлэв. Хүргэлт хийхэд дунджаар 10 минут зарцуулж байгаа ба цаашид энэ төрлийн үйлчилгээ авах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Шэньжэнь хотод 1730 компанийн дронын үйлдвэрлэл явуулж байгаа ба энэ салбар жилдээ 96 тэрбум юань (13.3 тэрбум ам.доллар)-ийн хөрөнгө эргэлдэж байна.
Эх сурвалж: China Daily, Hong Kong Edition, 2024.06.03
SF express компани Хонконгийн хөрөнгийн зах зээлд орж ирэв
Дэлхийд алдартай тээвэр зууч SF Holding нь Хонконгд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12.0 тэрбум ам.долларын хувьцаа арилжаалах эрхийг авчээ. Шэньжэний хөрөнгийн зах зээлийн бүртгэлд орсон SF Holding буюу SF express нь өнгөрсөн долоо хоногийн борлуулалтаараа Саудын Арабын газрын тосны магнат Aramco компанийг гүйцэж түрүүлээд байна.
SF Holding нь Хятадын Шэньжэнь хотод төвтэй бөгөөд дотоод, гадаадын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг 69 карго онгоцтой, жилд дунджаар 2.0 сая тонн ачаа тээвэрлэдэг байна.
Эх сурвалж: https://www.thestandard.com.hk/section-news/section/2/263260/SF-Express-gets-go-ahead-for-HK-share-sale
Хонконгийн Хөрөнгийн биржийн хувьцааны үнэ өсч байна
БНХАУ-ын Алибаба, Тенсент зэрэг компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн гарсантай холбогдуулан Хонконгийн Хөрөнгийн биржийн хувьцааны үнэ өсч байна. Хонконгийн Хөрөнгийн биржийн Hang Seng индекс 18,533.34 болсон нь 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Шинжээчдын таамаглаж байгаагаар энэхүү өсөлт тогтвортой хадгалагдах төлөвтэй байна гэв.
Хонконгийн тансаг зэрэглэлийн орон сууцны зах зээл сэргэв
Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Knight Frank компаний тайланд энэ оны эхний улирлын байдлаар Хонконгт 10 сая ам.доллар ба түүнээс дээш үнэ бүхий орон сууцны эрэлт нэмэгдэж, Азийн хамгийн ачаалалтай зах зээл байсан гэв. Үүнийг Хонконгийн Засгийн газрын үл хөдлөх хөрөнгийн салбарт явуулж буй эерэг бодлоготой холбон тайлбарлаж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Хонконгт тансаг зэрэглэлийн орон сууц худалдах, худалдан авах 88 хэлцэл буюу 132 гүйлгээ хийгдснээр гол өрсөлдөгч Сингапурыг хол хаясан байна. Хонконгт хийгдсэн хэлцэлийн нийт дүн 2.8 тэрбум ам.доллар байсан бол Сингапурынх 1.2 тэрбум ам.долларт хүрсэн.