БАРИМТ 1
УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Тэрбээр 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй улстөрч.
БАРИМТ 2
Тэрбээр Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр, 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр, 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн.
БАРИМТ 3
Ажлын гараагаа Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвдийн мэргэжилтнээс эхэлжээ. Мэдээллийн төвд ажилд орсон тэрбээр удалгүй бусдын адил хувиараа эрхлэх аж ахуйн нэгж байгуулж оёдлын цех ажиллуулж, ганзаганы наймаанд ч явж байсан аж.
БАРИМТ 4
Бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 1991 оноос “Сант” ББХК-ийн захирал, 1995 оноос “Сод трейд” ХХК-ий ерөнхий захиралын албыг хашиж байлаа. Ийнхүү хувийн бизнесээ амжилттай эрхлэхийн сацуу “Иргэн Та Баялаг” санг үүсгэн байгуулжээ.
БАРИМТ 5
Дараа нь “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ.
БАРИМТ 6
Тэрбээр Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 7
Түүний улс төрийн замнал 2008 оноос эхлэлтэй. 2008 онд Баянгол дүүрэгт Ардчилсан намаас өрсөлдсөн ч түүний оронд Х.Тэмүүжин гишүүн болж байв. 2012 оны сонгуулиар даагаа нэхэж, Баянгол дүүргийн тойргоос гишүүнээр сонгогдсон юм.
БАРИМТ 8
2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргын алба хашиж байв. Тухайн үед УИХ гурван намын бүлэгтэй байсан бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гэсэн хоёр шантаажны бүлэгтэй учир зүйгээ олох хүнд даваатай алхам тутамд тулна. Тэр бүрт хэлэлцээрийн ширээний ард сууж, УИХ-ын ажлыг саадгүй үргэлжлүүлэх чухал албыг залгуулж ирсэн улстөрчийн нэг юм.
БАРИМТ 9
Аливаа асуудалд УИХ дахь эмэгтэй гишүүдээ манлайлах, намын хагарлыг эвлэрүүлэх гээд түүнд олон "ачаа" үүрүүлсэн ч намын эв нэгдлийн төлөө өөрийн амбицаа хойш нь татчихдаг мэдрэмжтэй улстөрч гэж намын нөхөд нь тодорхойлдог.
БАРИМТ 10
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснээр парламентын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй УИХ-ын дэд дарга болсон юм.
БАРИМТ 11
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэн, Төрийн ордны хоёр давхарт суулт зарлаж буйгаа мэдэгдэж байв.
БАРИМТ 12
Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцинжуулалттай холбоотой хариуцлагагүй мэдэгдэл хийж, нэр төрд нь халдсан үндэслэлээр шүүхэд хандаж байв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг удирдсан 100 хоногийн тайлангаа тавих үеэрээ “Вакцины асуудлыг улстөржүүлсөн улстөрчид бий. Тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан юм.
БАРИМТ 13
Эл асуудалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл" хэмээж байв.
БАРИМТ 14
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хамтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн энэ дөрвөн жилийн хугацаанд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд гар бие оролцон ажилласан.
БАРИМТ 15
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг, сайн үйлсийн аянуудад бусдыг манлайлан идэвх зүтгэлтэй оролцдог хэмээн түүнийг хүүхдийн төлөө байгууллагууд, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэгч байгууллагууд “Хүмүүнлэгийн элч” болон “Хүүхдэд ээлтэй Улстөрчөөр” өргөмжилсөн байдаг.
БАРИМТ 16
Түүний аав Салдан 1958 онд Москвагийн эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн цагаасаа хойш Монгол улсын гадаадтай харилцах улсын хорооны дарга, сайд, Элчин сайд гээд улс орны эдийн засаг, орлого зарлагатай холбоотой ажлыг 20 жилийн турш хийсэн Гавьяат эдийн засагч юм.
БАРИМТ 17
С.Одонтуяа гишүүн сурагч байхаасаа л гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явангаа бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг нийгмийн идэвхтэй гишүүн байжээ.
БАРИМТ 18
Тэрбээр Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хадам ээж болон өөрийн ойр дотнын, хамаарал бүхий этгээдүүдэд дүүргүүдэд хийгдэх ажлын нэр бүхий тендерүүдийг авч өгсөн хэмээн тухайн үед мэдээллүүд явсаар байсан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдаж авах хууль журам, худалдан авах ажиллагааг зөрчиж давуу байдлаар барилгын болон бусад нэр бүхий тендерүүдийг авсан гэх мэт асуудлуудыг шалгуулна хэмээн ярьж, бичиж байв.
БАРИМТ 19
Тэрбээр энэ парламентад УИХ-ын дэд даргаас гадна Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж буй.
БАРИМТ 20
Тэрбээр 2022 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 118 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 21
Мөн тэрбээр 798 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг авто граж, 3ш нийтийн орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай барилгатай аж. 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 0,07 га газартай.
БАРИМТ 22
Тэрбээр Сентоза фоод корт ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшдэг.
БАРИМТ 23
Дайчин, тэмцэгч чанарынхаа хүчээр гурван мандаттай, 36 нэр дэвшигч өрсөлдсөн тойргоос ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон хууль тогтоогч юм.
БАРИМТ 24
Иймдээ ч УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших бөгөөд Ардчилсан намын жагсаалтын хоёрдугаарт жагсаж буй.
Сэтгэгдэл (3)